&#34Тогтворжуулна гэж хэн хэлсэн юм&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

&#34Тогтворжуулна гэж хэн хэлсэн юм&#34

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө. Энэ тухай тодруулъя.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Төрийн тогоонд чанагдахдаа тань шиг хариуцлагагүй, худлаа ярьдаг, санаандаа орсноо ярьдаг Ерөнхий сайд үзээгүй. Та арай хэтэрч байна. Дархан-Уул аймгийн ахмадуудтай холбоотой асуудал надад ямар ч хамаарал байхгүй. Саяхан Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан утасдаж, “Та Дарханы ахмадуудад нөлөөлөөд өгөөч” гэсэн. Би хариултаа хэлсэн, та өөрөө очиж ойлголц гэсэн. Дээр нь Дарханд болж байгаа танай намын хэрүүл надад бол бүр ч хамаагүй. Энэ бүхнийг хамаатуулах гэж оролддогоо боль, дэндэж байна. 

Дээр нь түрүүний чуулган дээр би “Улаанбаатарчууд нэг шуудай нүүрсийг 2500 төгрөгөөр худалдаж авч байхад Дархан, Эрдэнэтэд нэг шуудай нүүрс 4000-5000 төгрөгийн үнэтэй байна. Нүүрсийг хямдхан авах бололцоог бусад аймгийн иргэдэд олгож болдоггүй юм уу” гэж таниас асуусан. Тэгэхэд  та “Хаян чи өөрөө очиж нүүрсний үнийн асуудлаа шийд” гэж хариулж байгаа байхгүй юу. Миний хувийн компани биш, би яах юм бэ.

Хэвлэлүүдэд Зэвсэгт хүчинд ах, дүү хамаатан саднаараа ажиллаж байгаа тухай бичиж байна. Төрийн алба юу болж хувирч байна вэ, үүнд та анхаарал хандуулж байна уу. “Чингис бонд”-оор хийсэн хамгийн үр дүнтэй ганц төслийг нэрлэхгүй юу?
Н.Алтанхуяг:-Таныг Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн учраас сэтгэл гаргаад ажилла л гэж хэлсэн. Зэвсэгт хүчний тухайд нягтлуулъя. Дээр үед ганцхан “Үнэн” сонин байсан. Одоо ч олдоод… хэцүү дээ.

Ж.Батсуурь: -Орон сууцны үнэ хэрээс хэтэрлээ. Гэтэл өртөг өндөртэй, цалин хангамж нь өндөр АНУ-д орон сууцны 1 м2-ын үнэ манайхаас доогуур байна шүү дээ. Манайд өнөөдөр дундаж цалин 300-400 ам.доллар хүрч байгаа юм уу үгүй юу. Үүнээс гадна бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өслөө. Цагаан будаа, элсэн чихэр гээд?

Н.Алтанхуяг: -Миний ч уур хүрдэг юм аа, АНУ-д иргэдийнх нь цалин хөлс гайгүй атлаа үнэ нь гайгүй, манайд бол дааж давшгүй байгаа.  Гэхдээ шинэ юм биш л дээ, өнгөрсөн жил ч тийм л байсан, түүний урдах жил ч тийм л байсан.

Засгийн газрын хувьд бүх бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжгүй. Тийм болохоор бүх юмны үнэд нөлөөлж болзошгүй бараа, бүтээгдэхүүн дээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нефтийн бүтээгдэхүүн, мах, цемент, арматурын төмөр гэх мэт гарын таван хуруунд багтах бүтээгдэхүүний үнэ дээр хөтөлбөр хэрэгждэг. Боломжийн хэрэгжсэн. Ер нь тэгээд цагаан будааны үнэ тогтворжуулна гэж хэн хэлсэн юм, юундаа хүн шоолоод байгаа юм. Яахав дээ, явж л байна, юу болох юм. Зохиомлоор янз бүрийн юм бий болгодог, сэтгэл санааг хоёрдуулдаг өчнөөн юм болж байна. Амьд хүн аргатай, аргалын цог галтай. Болно оо, болно.

Манай зах зээлд цөөхөн компани ноёрхлоо тогтоочихоод байна. Тийм учраас Засгийн газар ирэх онд шударга өрсөлдөөн бий болгохын төлөө ажиллана. Том нь жижгээ барьчихгүй байх тэр бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

Н.Энхболд: -Хуультай оронд болдоггүй юм Говь-Алтай аймагт үүсчихээд байна, та харин хамаагүй гэх. Аймгууд Засгийн газрын бүтцийн байгууллагад хамаарах учраас “Хамаагүй” гэж зайлуулж болохгүй. Яахаараа 2012 онд бүрэн эрх нь дуусчихсан ИТХ төсөв батлаад сууж байна вэ?

Н.Алтанхуяг: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга н.Сайнбилэгийг буруутгаад байх юм, Дээд шүүхийн шийдвэрийн дагуу явж байгаа зүйл шүү дээ. Аймгийн Засаг дарга нь аргаа болохгүй болохоор н.Сайнбилэг зөвлөсөн.

Ийнхүү гишүүд цаг үеийн асуудлаар Ерөнхий сайдаас хариулт авч дууссанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж