Тэрбээр “Монголчуудын хүнсний өргөн хэрэглээнд ордог цагаан будаа, элсэн чихэр, улаан буудай, мах зэрэг бүтээгдэхүүний үнэ ихээхэн хэлбэлзэж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлдөг учраас Засгийн газраас үнийг зохицуулж байх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Манайд юмны үнийг маш хурдан өсгөдөг ч буулгахдаа удааширдаг тогтолцоо ажиглагдаад байгаа учраас үнийг өөрчилж, хөдөлгөх эрхийг Засгийн газар авахыг зорьж байгаа юм. 2008 онд Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнүүд дээр зохицуулалт хийж байх эрхийг УИХ-аас авсан. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний үнийг нэг их хэлбэлзүүлээд байхгүйгээр ерөнхийд нь барьж байгаад буулгадаг болсон. Үр дүнд нь нефтийн бүтээгдэхүүнийг бусад төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн суурь болгохгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан.
Хэрвээ Засгийн газар энэ эрхийг УИХ-аас авбал үнийн хөөрөгдлөөс сэргийлээд байх боломжтой” гэлээ. Мөн тэрбээр “Ямар нэг бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар явах ёстой. Гэхдээ төрийн зохицуулалтыг зөв зүйтэй хийж чадвал ард иргэдийн амьдралд нөлөөлж болдог гэдгийг сүүлийн өдрүүдэд махны үнэд гарч байгаа өөрчлөлтүүд харуулж буй гэж бодож байна. Гол нь хуулийн төслийг УИХ дэмжээд шийдвэрлэх нь чухал. Үр дүн нь ард түмэнд шууд тусна”гэсэн юм .
Одоо мөрдөж байгаа хуулиар Гаалийн татварыг УИХ тогтоож өгдөг юм байна. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогдож буй улаан буудай, элсэн чихэр, цагаан будаа, мах зэргийн үнэ гадаад зах зээлд үнэ нь өслөө гэхэд Гаалийн татвар дээр тухай бүрт нь өөрчлөлт хийгээд явах бололцоо байдаггүй. Өөрөөр хэлбэл, үнэ өссөн ч, буусан ч Гаалийн татвар хэвээр үйлчилж байдаг ажээ.
Г.Дарь