Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Цэнхэр өнгө ба нойр

Цэнхэр өнгө шөнийн жижүүр хийдэг хүмүүст тусладаг болохыг эрдэмтэд тогтоов. Хөх өнгийн гэрэлтүүлэгтэй байсан хүмүүс ногоон гэрэлд байсан хүмүүсээс илүүтэй сэргэлэн байв. Цэнхэр өнгө нь нойрыг хөөхөд тустай байлаа. Сүүлийн үед эрдэмтэд өнгө хэрхэн нойронд нөлөөлөхийг сайтар судалсан ба өнгө хүлээн авах мэдрэлийн цэгүүд нь хараанаас тусдаа байдгийг тэд тогтоож өгсөн байна. Хараагүй хүмүүст ч өнгө хүлээн авах мэдрэлийн цэгүүд нь ажиллаж, тэд организмын дотоод цагийг зохицуулж байдаг.

Цэнхэр эрчим хүч буюу цэнхэр чакра

Цэнхэр чакрагийн далдын хүчний гол үүргийн нэг нь бодол санаа, сэтгэлийн хөөрлөө илэрхийлэх чадвар юм. Цэнхэр чакра сайн ажиллаж байхад өөрийн санаа бодлыг илэрхийлэхэд амархан байдаг. Цэнхэр чакрагийн ажиллагаа тасалдахад хоолой торж, хоолойд ямар нэгэн юм тээглээд байгаа мэт мэдрэмж гарч ирнэ.
Цэнхэр өнгийн гол эх сурвалж нь хоолой хавийн таван чакра юм. Мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, санаа бодлыг үгээр илэрхийлэх уран бүтээл ба уран бүтээлийн эрчим хүч, санаа, авъяасыг тэд удирддаг. Цэнхэр эрчим хүчний тусламжтайгаар бид шинэ санаа оноо, онгодоо оруулдаг.  Энэ бүх шинжлэх ухааныг Чакра Вишудха гэх ба тэнд доголдол гарахад  тэр талын мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй юм байна. Цэнхэр эрч хүч бас далдын мэдрэмжийнх ба сансрынх гэгдэнэ. Тэрээр орон зай ба ертөнцөд шилжин орох нь холбоотой.  Анатомийн талаасаа бол энэ өнгө дархлалын системийг хариуцана. Тэр иммуноглобулины уургийн бүртэл ба өсөлтийг хяналтдаа байлгадаг ажээ. Мөн энэ өнгийг ариутгагч гэж бас болно.

Цэнхэр буюу хөх халим

Дэлхийн хамгийн  том хөхтөн амьтан. Халимын төрлүүдээс цэнхэр буюу хөх халим (Balaenoptera musculus) гэгдэх энэ амьтан 25 метр хүртэлх хамгийн урт биетэй, 90-120 тонн хүрэх хамгийн хүнд жинтэй. Хамгийн урт эмэгчин цэнхэр халимыг 1909 онд Антарктидын орчмоос агнасан гэдэг. Түүний урт нь 33,58 метр, жин нь 160 тонн байжээ. 1947 онд агнагдсан бас нэг эмэгчин цэнхэр халимын жин нь 190 тн байсан нь жингийн дээд амжилт нь юм.  Цэнхэр эмэгчин халимууд хамгийн том үр төл төрүүлдэг. Цэнхэр халим төрөхдөө 6-8 метрийн урт, 2-3 тоннын жинтэй байдаг гэнэ. Хөхөөр тэжээгдэж байхдаа тэд өдөрт 200 литр маш өтгөн, тэжээллэг сүү хөхдөг. Хөхөөр төл нь долоон сар хооллогдсоны дараа хоёр дахин өсч 16 метрийн урттай, 20 тонн жинтэй болдог ажээ.  


Цэнхэр бүжигчид

Эдгар Дега зургуудаараа дэлхийн болон Францын импрессионизмын  түүхэнд гайхамшигтай хувь нэмэр оруулсан хүн. Олон түмэн түүнийг бүжгин жүжгийн зураач гэдгээр нь сайн мэднэ. Зөвхөн энэ сэдэв бас морин уралдаан л түүний сэтгэлийг хамгийн хүчтэйгээр татаж байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэрээр европ зураачдаас бүжгин жүжгийг цоо шинээр харсан анхны хүн нь. Зураачийн уран бүтээлд бүжгин жүжгийн сэдэвтэй маш олон зураг байдаг ба тэрээр 1870-аад оноос балетын урлагт татагдан амьсгаагаа хураатал түүнд үнэнч байлаа. Түүнийг ганц нэг гоцлол бүжигчин татсангүй, бүжгин жүжгийг тэр бүтнээр нь бишэрсэн байлаа. Э.Дега нэгэн удаа хэлэхдээ биеэ угааж буй эмэгтэйчүүдийг зурах нь  “цоожны нүхээр харахтай адил” гэсэн гэдэг. Тэрээр “цэнхэр бүжигчдыг ёстой цоожны нүхээр олж хараад өөртөө хэрэгтэй  харах өнцөг, гэрэл гэгээ, дүрсийг” зурагтаа буулгаж чаджээ. “Цэнхэр бүжигчдын- хөх цэнхэр өнгө нь  зургийг үзэхэд бүжгийн хөгмийг “эгшиглүүлдэг”. Тэрээр “Цэнхэр бүжигчидээ” пастелиар зурсан юм. Э.Дега пастельд дуртай. Энэ шохойн будаг нь  өнгө ба шугамыг нэгтгэж өгдөг увидастай гэж тэр үзнэ. Зургийн дөрвөн цэнхэр бүжигчид зохицолтой нэгдмэл бүрэн бүтэн зохимж болон тэдний хөдөлгөөнийг тодоор үзүүлж чаджээ.

Үзэсгэлэнт цэнхэр Дунайн эрэгт

Иоганн Штраусийн шилдэг бүтээл, дэлхийн гайхамшигтай вальсуудын нэг нь “Үзэсгэлэнт цэнхэр Дунайн эрэгт” (An der schoenen blauen Donau) юм.
Бага Иоганн Штраусийн хамгийн нэр цуутай  “Үзэсгэлэнт цэнхэр Дунайн эрэгт” гэх оркестрийн вальс нь эрэгтэйчүүдийн найрал дуунд анх зориулагдан тоглогджээ. Вена хотын найрал дуучдын нийгэмлэгийн захиалгаар түүнийг зохиосон ба Иоганны хамгийн анхны найрал дууны вальс гэдэг.  Уг нийгэмлэгтэй тэрээр олон жил хамтран ажиллаж, тэдэнд зориулан өөр зургаан вальс, хоёр полька ба нэг марш зохиож байлаа. Дэлхийн гайхамшигтай вальсуудын нэг нь “Үзэсгэлэнт цэнхэр Дунайн эрэгт” зохиомжоо тэрээр 1866 оны намар зохиож эхэлсэн гэнэ. Эхлээд тэр найрал дууны нийгэмлэгт вальсийн дөрвөн секцтай капелла ба богино кодыг урьдатгалгүйгээр өгсөн байлаа. Яаран бичсэн төгөлдөр хуурын дагалдал нь удалгүйхэн найрал дууны дараа очжээ. 1867 оны хоёрдугаар сарын 15-нд уг вальсийг анх тоглосноос хойш найрал хөгжмийн дагалдал гарч ирсэн байна.
Нийгэмлэгийн яруу найрагч Иосиф Вайл анхны сатирийн үгийг  зохиосон ба 1890 онд багт наадмаас бусад тохиолдолд илүү таарах үгийг Франц фон Гернерт зохиосон байна. Түүний үг нь “Donau so blau…” (Дунай, тийм цэнхэр…) гэсэн үгээр эхэлдэг. Веначууд уг вальсийн найрал хөгжмийн дагалдантайгаар бүрэн кодтой нь 1867 оны гуравдугаар сарын 10-нд анх бүтнээр нь сонсоод ёстой дээд зэргийн таашаал авсан гэдэг.  Иосиф, Эдуард, Иоганн гурван ах дүүс энэ концерт дээр Венийн бүжгийн оргилыг үзэгчдэд амсуулсан ажээ.

“Цэнхэр оргилуун дарс” коктейль

Орц: мөс, 20 миллилитр цэнхэр ликер кюрасо, 20 миллилитр цагаан архи, лайма жимсний шүүс 20 миллилитр, нэг ширхэг интоор.
Мөсөө жижглээд шейкерт хийнэ. Дээр нь ликер, архи хийгээд лаймагийн шүүсийг нэмээд сайтар сэгсэрнэ. Шүүрээр шүүн  оргилуун дарсны хундганд аягалаад хүйтэн оргилуун дарс нэмэн  хийнэ. Ундаандаа интор жимсээ хийгээд коктайль бэлэн.


Цэнхэр аварга загас

Далай тэнгист болон түүний эрэг хавиар тархсан акула загасны хамгийн их тархсан Prionace glauca төрөл болой. Биеийн дээд хэсгээр цэнхэр, элгэн хэсгээрээ цагаан энэ аварга махчин загасны урт нь гурван метр хүрэх ба ховорхон тохиолдолд зургаан метр болдог. Халуун орны далайн эрэг хавьд их тархсан бөгөөд өөрийн иахчин аймгийн амьтдын төлөөлөгч учир жижиг загас, нялцгай биетэн ба элдэв хаягдлуудыг иднэ. Зарим тохиолдолд шумбагч нарт халдах нь бий. Амьд төлийг төрүүлдэг. Үр төл нь эхийнхээ гэдэс дотрыг иднэ гээд байгалиас түүнийг ууттайгаар тээлгэдэг байна.

Цэнхэр хот Шауин

Мароккогийн сувд гэх энэ хотыг  Испаниас хөөгдсөн еврей, арабууд XV зууны сүүлчээр  үндэслэжээ. Эхлээд очиход бэрхтэй газар байсан нь хотыг Португали, Испанийн довтолгооноос хамгаалж байлаа. Хот XV ба XVI зуунд хамгийн их цэцэглэж байлаа. Бараг 1920 он хүртэл христийнхэнд хаалттай байсан юм. Хотын ханыг цагаан цэнхэр индиго өнгөөр дандаа л эмэгтэйчүүд нь будаж иржээ. Өнгөц харахад тэд латин америк эмэгтэйчүүдтэй төстөй. Учир нь өнгө бүрийн өнгийн чимэгтэй сийрсэн бүрх малгай ба хурц тод өнгийн банзлаар гоёдог. Хотын төвийн цайзны үүдэнд бяслаг, ногоо зарсан олон тариачин эмэгтэйг харж болно. Өөрсдийн гараар нэхсэн хүнд банзалууд нь тэднийг ууланд малаа хариулахаар явахад нь тэнцвэр болж өгдөг гэнэ. Эдгээр эмэгтэйчүүд нь өнөөг хүртэл лалын оронд гэр бүлээ тэжээдэг эхийн эрхэт ёсны төлөөлөгчид юм байна. Шауин нь мөн ариун хот гэгдэхээс гадна “Мянга нэгэн шөнийн үлгэрийн” гэмээр үзэсгэлэнтэй хот юм.


Цэнхэр үе

Испани гаралтай, ХХ хамгийн алдартай, Францын зураач Пабло Пикассо мэдрэлийн ядаргааны улмаас уран бүтээлийнхээ цэнхэр үеийг эхэлсэн гэж ярьдаг. Түүний уран бүтээлийн “цэнхэр үе” ба “ягаан” үеийн эхлэл нь 1901-1906 онуудад байлаа. Тэр үеийн зургууд нь түүний өмнөх үеийн Ван Гог, Сезанн нарын урлагтай ямар нэгэн холбоотой мэт театр драмын  стильд хамаатай байв. Цэнхэр үеийн гол төлөөлөл нь “Бөмбөг дээр зогсож байгаа охин” гэсэн зураг болно.


Цэнхэр ваар

Узбекчууд эрт дээр үеэс ус газар шороогоо шүтэж ирсэн бөгөөд шавараар тэд өөрсдийн цэнхэр керамикийг бүтээж иржээ. Шатаагдсан вааран эдлэлийг тэд усныхаа өнгө  цэнхэрээр зурдаг байсан учир Узбекийн цэнхэр керамик гэж нийтэд алдаршсан байна. Тийм цэнхэр вааран эдлэлээр Самаркандын доголон Төмөр хааны бунхан хучигдсан байгаа билээ.


Цэнхэр гариг

Нарны аймгийн нарнаас гурав дахь нь болох цэнхэр гаригт нь бид амьдардаг. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй бөгөөд гол төлөв чулуунаас бүтдэг. Дэлхийн дэвсгэрийн 70 хувь нь усаар бүтээгдсэн ба азот, хүчил төрөгчөөс бүрэлдсэн харьцангуй нимгэн агаар мандалтай. Мөн сар гэх цорын ганц дагуултай. Манай дэлхийд ус байдаг учраас түүнд асар олон төрлийн амьдрал байдаг. Дэлхийд амьдарч байгаагаараа та бахархагтун!  Таны харж байгаа дэлхийн энэ зураг “цэнхэр боржин” нэртэй бөгөөд 1972 онд АНУ-ын сансарын хөлөг “Аполлон-17”-гаас авчээ. Зурагт Африк ба Антарктид тивийг буулгаж чадсан байна.

Цэнхэрлэн харагдана аа хөө

“Цэнхэрлэн харагдана аа хөө
Цэцэг жимстэй уул байна аа хөө
Цэцэрлэг сайхан ууланд нь хөө
Хүүтэйгээ зугаалмаар уул байна аа хөө…”

Дашдоржийн Нацагдорж, Монголын яруу найрагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж