"Сонгогчдын эрх ашгийг хамгаалах урагш дэвших холбоо", "Иргэн таны төлөө", "Иргэдийн сонголт төв", "Монголын иргэд, сонгогчдын нэгдсэн холбоо", "Монголын Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо" зэрэг таван төрийн бус байгууллага энэ сарын 4-ний өдөр “СЕХ-г Увс аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд хариуцлага тооцох, мандатыг нь хүчингүй болгох” шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн тэд, СЕХ УИХ-ын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллага бөгөөд сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тараасан нэр дэвшигчдийн туслах, шадар туслахууд нь хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байхад энэ асуудлыг шийдлэрлэхгүй жил гаруй хугацаа өнгөрөөж байгаа нь шударга бус явдал гэж үзэж байгаагаа шаардлагадаа дурьдсан байна. Монголын Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбооны тэргүүн В.Намхайнямбуу “СЕХ хууль хэрэгжүүлэгч байгууллага болохоос ард түмний татварын мөнгөөр цалинжаад хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь шударга бус байна. Өнөөдөр таван төрийн бус байгууллага нэмэгдэж байгаа. Цаашид бид нийт сонгогчдыг уриалж, эрх ашгаа хамгаалахыг уриалж байна. Бид одоо СЕХ-г огцорхыг шаардаж, дараагийн арга хэмжээгээ авна” гэлээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдын саналыг татах зорилгоор 100 мянган төгрөг тараасан нь хуулийн дагуу тогтоогдсон. Гэвч энэ маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа билээ. Увс аймгийн сонгогчид СЕХ-г хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэж сонгогчдын эрхийг хамгаалах хүсэлтийг удаа дараа хүргүүлээд байгаа ч СЕХ ажлаа хийхгүй байсаар байна.