Өнөөдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдсэн түүхт өдөр тохиодог. Эл өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа. Тэрээр “Чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, шинэчлэлт өөрчлөлт зэрэг ойлголт өнөөдрийн бидний амьдралд хэвийн зүйл болжээ. Харин 1990-ээд оны эхэн үеийн нийгэмд энэ бүхэн цоо шинэ үзэгдэл байсан. 1990 онд ярьж байсан өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдлыг нийгмийн бүх хүрээнд гардан хийх боломж одоо л бидэнд олдож байна. Энэ өөрчлөлтийг хэн нэг дарга биш, иргэд өөрсдөө хийж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар залуусынхаа, иргэдийнхээ үгийг сонсч, хэлснийг нь дэмжиж ажил болгохыг хичээж байна” гэлээ. Мөн Ерөнхий сайд төгсгөлд нь “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү” гэж захиад ардчилал гэдэг дураараа байхын биш, чөлөөтэй бөгөөд хариуцлагатай байхыг хэлдэг юм шүү” гэсэн юм.

Түүхт өдрийн хүрээнд Төрийн түүхийн музейд Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж