Эрдэс баялгийн салбарын талаар ярилцна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарын талаар ярилцна

Дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог Давосын чуулга уулзалт байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа Улаанбаатар хотноо уулзалт ярилцлага зохион байгуулж байна.

Энэ оны 1-р сард Давос хотноо болсон Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн салбарт хөрөнгө оруулах олон улсын загвар гэрээ байгуулах санал дэвшүүлсэн юм. Уг саналыг оролцогч орнуудын Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон олон нийтийн байгууллагынхан талархан дэмжсэн билээ.

 Уул уурхайн салбарт оролцогчдод харилцан ашигтай байх тийм загвар гэрээг боловсруулах талаар Их Тэнгэрт 6-р сарын 17-18-ны өдрүүдэд ярилцах гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг илүү нээлттэй, ил тод болгох тогтолцоо болон, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах зэрэг асуудлууд мөн энэ үеэр яригдах болно.

Салбар хуралдаануудаар яригдах Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн түүх, туршлага, сургамж ч мөн энэхүү дугуй ширээний уулзалт-ярилцлагын нэгэн чухал сэдэв байх болно.

Эрдэс баялаг уул уурхайн салбараа зүй зохистой ашиглах үйл явц зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн олон орны анхаарлыг татаж байгаа энэ цаг үед , энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллагын зохион байгуулж байгаа уулзалт-дугуй ширээний ярилцлагаас гарах санал, зөвлөмжүүд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид, шинжээчид үзэж байна.

“Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагад олон улсын нэр хүнд бүхий шинжээчид, уул уурхайн хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байгааг Монгол Улсын Ерөнхийөлгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж