Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбоо Монгол түмний Эрийн гурван наадмын мөнхийн шүтээн цогцолбор барихаар болжээ. Энэхүү Эрийн гурван наадмын их шүтээн цогцолбор Өвөрхангай аймгийн Архайхээр хотын баруун талд орших “Морины их шүтээн”-ий дэргэд баригдах гэнэ.Шүтээнийг босгох ажил 2014 оны гуравдугаар сарын 15-наас эхлэнэ. 2015 оны наймдугаар сар гэхэд шүтээний тодорхой хэсэг ашиглалтад орсон байхаар төлөвлөж байгаа гэнэ. Уг шүтээнийг барихад иргэдийн хандив хандив болон төрийн дэмжлэгийг хүссэн гэнэ. Төсөлд хэрэгтэй хөрөнгө мөнгөний асуудалд туслалцаа үзүүлэхийг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яаманд хүргэсэн байна.
Эрийн гурван наадмын их шүтээн нь 2,7 км урт, 1,6 км өргөнтэй хашаанд Монголын газрын зураг шиг хэлбэртэй байх юм. Эрийн гурван наадмын их шүтээний ойролцоо мөн Монголын үндэсний баяр наадмын түүхэн музейг байгуулах аж. Ингэснээрээ уг шүтээн аялал жуулчлалын томоохон бүс болон цааш хөгжихөөр төлөвлөжээ. Морины шүтээн баригдаж дууссан. Монгол орны баруун зүг явсан иргэдийн заавал бууж сонирхдог газруудын нэг болсон билээ.
Б.БИЛЭГ