МАН-ынхан Монголоо голов

Хуучирсан мэдээ: 2013.12.06-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Монголоо голов

МАН-ынхан америкийг зорьдог “моод” дэлгэрүүллээ. Нам нь эрх барихаа больсон, их хурлаасаа албан  тушаалгүй үлдсэн эрхмүүд ар араасаа америкийг зорьж эхлэв. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар гэнэт Монголоо голж АНУ-ыг зорьсон гэнэ.

Ж.Сүхбаатарын хувьд, Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж ялагдал хүлээснийхээ дараа  “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа л гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн” хэмээн  мэдэгдэж, дуулиан тарьсан юм. Тэрбээр МАН-ын олигархуудын тухай ном бичнэ гэж байсан ч  АНУ-д  докторын зэрэг хамгаалахаар шийдсэн гэнэ. Түүнийг  дараагийн сонгууль хүртэл эх орондоо ирэхгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Монголын шатарын холбооны ерөнхийлөгч гэхээс өөр гуншингүй хоцорсон Г.Занданшатарт эх орондоо хийх ажил үлдээгүй бололтой. АНУ-д хэсэг хугацаанд амьдрахаар шийджээ. Өнөөдөр хэнбэ гуай ч АНУ-д ажиллаж амьдрах боломжтой болсон. Гэхдээ  МАН-ын нөхдүүд мань мэт шиг тэнд очиж сурангаа, боолын хөдөлмөр  эрхлэхгүй л байх.

Өндөр өртөгтэй   улсад сурах, амьдрах хангалттай хөрөнгө хуримтлуулаад, түүнийгээ  үрэхээр явсан байлгүй. Эрх мэдэл, албан  тушаалгүй болонгуутаа хөөрхий Монголоо голж харийн орныг  зорьдог “моод”-ыг МАН-ынхан улам дэлгэрүүлсээр…

С.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж