
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны нээлт, Сайд нарын түвшинд зохион байгуулагдсан бусад арга хэмжээнд оролцож ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривокапич, Словак, БНСУ, Испани, Киргиз, Израил, Нидерланд, Тайланд зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч ноён Ранко Кривокапичтэй уулзах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд түүнд энэхүү хүндтэй албанд сонгогдсонд баяр хүргэж Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсноор Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн отгон гишүүн болсныг тэмдэглэв.
Монгол Улс ЕАБХАБ-ын шинэ гишүүний хувьд бусад гишүүн орнуудад улс орноо таниулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах үүднээс 2015 оны ЕАБХАБ-ын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын захидлыг албан ёсоор гардуулав.
Монгол Улсын Их Хурал нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей гишүүн орноор нэгдсэнд баяртай буйгаа илэрхийлэн, байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, энэ оны 10 дугаар сард Будва хотноо болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд Монголын парламентын гишүүд анх удаа оролцсоныг цохон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Р.Кривокапич Монголын парламент ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Онцлоход, Сайд нарын Зөвлөлийн хуралдаан жил бүрийн эцсээр ЕАБХАБ-ыг тухайн жил даргалж буй улсад болдог бөгөөд энэ жил даргалагч улс – Украины нийслэл Киев хотноо зохион байгуулж байгаа аж.
Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр 2012 оны арваннэгдүгээр сарын 21-нд элсэн орсон байна. Хойд Америк, Европ, Төв Азийг хамарсан тус байгууллагад элсэж орсноор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох болжээ.
Бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнүүдээр авч үздэг. Зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ЕАБХАБ хэлэлцүүлэг явуулдаг юм.