Хүүхдийн мөнгөний тухай асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөний тухай асуудал байхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хүүхдийн мөнгөний асуудлыг авч хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хүүхэд бүрт, сар тутамд 20 мянган төгрөг олгох хүсэлтийг энэ удаад хараахан ажил хэрэг болгох шийдвэрийг гаргаж чадаагүй аж. Энэ тухай мэдээллийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд хийсэн бөгөөд түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн мөнгийг хэзээнээс эхэлж сэргээхээр болж байна вэ?

-Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын  санаачлан боловсруулсан  Хүүхдэд  мөнгөн тэтгэмж олгох тухай  хуулийн төсөл  болон  Мөнгөн  тэтгэмжийн  хэмжээг  тогтоох тухай УИХ-ын тогтоолын  төслийг авч хэлэлцээд, төсөлд дурдсан асуудлыг одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд иргэн бүрт олгох мөнгөний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Энэ жилийн тухайд УИХ-ын тогтоолын дагуу иргэн бүртээ хувь хишгийг хоёр тасалж өгч байгаа. Цаашид үүнийг өөрчлөөд хүн бүртээ Хүний хөгжил сангаас сар тутамд мөнгө олгох боломжтой гэж үзлээ.

-Гол нь хүүхэд бүрт л сар тутамд мөнгө олгох нь чухал байгаа. Гэтэл яагаад насанд хүрэгчдийг хамааруулаад байна вэ?

-Нэгдүгээрт, төсвөөс гарч байгаа мөнгөн дүнгээр хуучин хүүхэд бүрт олгож байсан мөнгө, одоогийн иргэн бүртээ олгож байгаа мөнгө хоёр ерөнхийдөө ижил төвшинд байгаа юм билээ. Гэхдээ төсвөөс гарах мөнгөний хэмжээ цаашид өсөх хандлагатай. Хоёрдугаарт, 2009 оны арванхоёрдугаар сард Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа шинээр мэндэлсэн хүүхэд, шинэ гэр бүлд олгодог мөнгө, хүүхдийн мөнгийг зогсоохоор шийдвэрлэж, энэ төрлийн тэтгэмжүүдийг бүхэлд нь хүчингүй болгосон. Тийм шийдвэр гаргачихаад зургаан сар болоогүй байхад урьд гаргасан шийдвэрээ сэргээх чиглэлээр ажиллах нь зохистой бус гэж үзсэн, Хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс.

Гуравдугаарт, хуулийн төсөлд зааснаар 236 тэрбум төгрөг төсөвт нэмж зарлагдах тооцоо гарч ирж байгаа. Гэтэл төсөл санаачлагчид энэхүү эх үүсвэрийг хаанаас гаргах тухай санал,  тооцоог боловсруулаагүй байсан. Үүнийг бас харгалзах шаардлагатай гэж үзсэн л дээ.

-Тэгвэл ирэх долдугаар сарын 1-нээс хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоод явъя гэдэг Ардчилсан намынхны саналыг хүлээн авах боломжгүй гэж үзжээ хэмээн ойлгож болох уу?

-Энэ оны тухайд иргэн бүртээ эхний 70 мянган төгрөгийг өгчихсөн учраас хүүхдийн мөнгөний тухай асуудал байхгүй.  УИХ-аас гаргасан тогтоолоор иргэн бүртээ энэ жил 120 мянган төгрөгийг хоёр хувааж өгөхөөр шийдвэрлэсэн. Тиймээс энэ тогтоолд өөрчлөлт оруулж, сар тутамд олгож байх боломжийг бүрдүүлэх саналаа Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ түүнийг батлаад “Хоёр хувааж өгнө гэснийг сар бүрт өгч байна” гээд тогтоол гаргаад өгөх юм бол хэрэгжүүлэх ажлыг оны сүүлийн хагасаас зохион байгуулаад явах бололцоотой. Нэг зүйлийг бодолцох ёстой, энэ жилийн эхний 70 мянга шийдэгдсэн учраас үлдсэн 50 мянгыг сар бүр олгох асуудлыг ярих, ирэх жилээс эхлээд сар тутамд иргэн бүрт Хүний хөгжлийн сангийн дэмжлэгийг үзүүлээд явах бололцоотой байгаа.

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танай яам боловсруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дэмжлэг авсан уу, Хуулийн үзэл баримтлалын тухай тодруулахгүй юу?

-Нэг шинэ төрлийн сан гаргаж ирэх  хуулийн төслийг манай яам боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дэмжлэг аван, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үзэл баримтлалын хувьд хүний амь хохирсон, хүнд гэмтсэн, гэмт халдлагад өртсөн хохирогч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор санг байгуулах юм. Сангийн хөрөнгийг шүүх,  хууль хяналтын байгууллагаас гарч байгаа шийдвэрүүдээр торгуулийн мөнгөнөөс төвлөрүүлнэ.  Эхний ээлжинд 1.4 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэртэй сан бүрдүүлж, гэмт хэргийн хохирогч хохирлын мөнгөө авч чадахгүй бол энэ сангаас хохирлыг төлөөд, гарсан зардлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулж, санд төвлөрүүлэх замаар гэмт хэргийн хохирогч нарын нөхцөл байдлыг жаахан зөөллөе гэсэн.

Тусгай сангийн төрлийн хувьд амь нас нь хохирсон, хүнд гэмтсэн,  дээрэм, хүн хулгайлах гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд гэх мэт долоо, найман төрлийн хүнд гэмт хэргийн хохирогчид энэ сангаас эхний ээлжинд дэмжлэг үзүүлэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж