
Дугаарын хязгаарлалтын албан ёсны санал асуулгыг Юнител ХХК-ийн санал асуулгын тарифын тухай ойлголтын зөрүүгээс болж Мобикомын сүлжээний хэрэглэгчид мессежээр, 12-00 дугаарт дуудлагаар саналаа өгсөн билээ. Харин Юнител ХХК-ийн зүгээс олон нийтийг хамарсан санал асуулга, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ, онцгой байдлын үеийн анхааруулах мессежийг албан ёсны хүсэлт тавьсан тохиолдолд хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэх бүрэн боломжтой байсан тухай албан мэдэгдлийг НЗДТГ-т хүргүүлсэн.
Зургаан оронтой тусгай дугаар нь 13, 14, 15-аар эхэлсэн байдаг бөгөөд 15, 14-өөр эхэлсэн нь өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд, 13-аар эхэлсэн нь өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнээс бусад үйлчилгээнд ашиглагддаг, эзэмшигч нь үүрэн холбооны операторуудтай гэрээ хийн ажилладаг. Харин олон нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн санал авсан 158815 дугаарын эзэмшигч нь уг дугаарыг зар сурталчилгаа, санал асуулга, судалгаа авах чиглэлээр эзэмшдэг бөгөөд ашиг олох зорилгоор уг үйлдлийг хийсэн хэмээн үзэж байна. Улмаар 158815 дугаарын иргэдээс авсан санал нь албан бус, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл боллоо.
Тиймээс Юнител ХХК-иас 158815 дугаарын үйлчилгээг өөрийн сүлжээнд нэн даруй зогсоон, Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэдийн хохирлыг 158815 дугаарын эзэмшигчээр барагдуулах талаар цаг алдалгүй мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
2013-11-27, 28-ны өдрүүдэд санал асуулгын мессежэнд хариу илгээсэн Юнител ХХК-ийн хэрэглэгчдийн данснаас хасагдсан 500 төгрөгийг 158815 дугаарын эзэмшигчээс гаргуулан буцаан олгож, иргэдийг хохиролгүй болгох ажил хийгдэж байна.