&#34Би уучлалт хүсч байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

&#34Би уучлалт хүсч байна&#34

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө "Eagle" телевизийн Бадарчийн Жаргалмаагийн нэвтрүүлэгт оролцож хийж буй ажлынхаа талаар ярилцлага өгчээ. Тухайн үедээ "Би хүнд суртал гаргана" гэх утга бүхий зүйлийг ярьсан байна. Энэ талаараа өнөөдөр тайлбар хийж байгаа аж. Мөн Монгол Улсын ирэн болох хүсэлтээ тавьсан хүмүүсээс уучлалт гуйж байгаа гэлээ. Түүнээс дараахь тодруулгыг авлаа.

-Яагаад "Би хүнд суртал гаргана" гэх зүйлийг ярих болов?

-1990-ээд оны үед Монгол Улсын харьяатаас гараад гадаадын иргэн болсон тэр хүмүүсийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахын тулд би телевизэд ярилцлага өгсөн юм. Харьяатын тухай хуулиар бол Монгол Улсын харьяатаас гарч гадаад орны иргэн болоход нэлээд өндөр шаардлагуудыг тавьдаг. Буцаад манай улсын иргэн болоход мөн л өндөр шаардлагыг тавьдаг. Энд хүнд сурталын зүйлүүд байдаг. Хүмүүс харьяатаа сэргээлгэхийн тулд олон сар төрийн байгууллагуудыг дамжиж явдаг асуудлууд байдаг.

-Хүнд суртал байдаг гэдгийг та хэллээ. Тэгээд энд тайлбар хийх шаардлага юу байна. Хүсэлт гаргасан хүний асуудлыг хэдий хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ?

-Ер нь бол гадаадын иргэн болсон хүн Монгол Улсын иргэн болохдоо эхний ээлжинд манай байгууллагуудад ханддаг. Дараа нь бид Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу энэ хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор албан бичиг явуулдаг. Үүнд нэг сарын хугацаа шаарддаг. Дахиад сарын хугацаанд энэ иргэдийг харьяат болох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууах үйл ажиллагаа сарын хугацаанд болдог. Тэгээд дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгчид өргөн барих хугацаа хүртэл нийтдээ гурван сарын хугацааг эрхээ сэргээлгэх гэж байгаа хүмүүс хүлээдэг. Тиймээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахын тулд би Жаргалмаагийн цаг нэвтрүүлгээр орсон юм.

-Тэгээд бусад байгууллагыг хүнд сурталтай гэж ярих гэж байгаад өөрийгөө ороочихож дээ?

-Гадаадын иргэн болсон хүн харьяатаа сэргээлгэхдээ хүнд суртал гаргана аа гэж хэлсэн маань алдаатай болсон байна. Утга санааны хувьд буруу зүйл болсонд  Монгол Улсын харьяатаа сэргээх гэж байгаа тэр иргэдээс миний бие албан ёсоор уучлал гуйж байна.

-Таныг тэгж ярьсаны дараа олон хүн шүүмжилсэн байх?

-Энэ асуудалтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надтай уулзаж "монголчууд олуулаа болцгооё" гэдэг энэ асуудал дээр чи буруу байр сууриа илэрхийлсэн байна гэсэн. Хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээр тийм мэдээлэл өгсөн байна. Хурдан шуурхай арга хэмжээ авч, ард иргэддээ мэдээл гэдэг үүргийг өгсөн. Энэ дагуу та бүхэндээ мэдээлэл хийж байна. Цаашдаа Монгол Улсын харьяатаа сэргээлгэх гэж байгаа иргэд нэг сарын хугацаанд асуудлаа шийдвэрлэдэг болно. Мөн би төрийн алба хаших хугацаандаа дахин буруу утгатай зүйл ярихгүй гэдгээ хэлье.

-Олон нийтийн анхаарлын төвд оруулах гэж харьяатаа сэргээх асуудал, төрийн байгууллагын хүнд сурталын талаар ярьсан гэсэн. Үр дүн юу гарав. Өөрөө буруу ярьсан буруутан болчихов уу?

-Ярилцлагын үр дүнд иргэний эрхээ сэргээх гэж байгаа тэр хүний төрийн байгууллага дээр хүлээх хугацааг нэг сар болгох арга хэмжээг авлаа. Өөрөөр хэлбэл, иргэнээ сэргээх гэж байгаа хүнийг заавал Ерөнхий сайдад танилцуулахгүйгээр асуудлаа шууд Ерөнхийлагчөд өргөн барих боломж нь Харьяатын тухай хуулиндаа байдаг. Харин журмандаа Ерөнхий сайдад танилцуулна гэж заасан байдаг. Тэгэхээр журмандаа өөрчлөлт оруулахаар болсон. Ингэснээр 15 хоногийн хугацаанд Цагдаагийн байгууллага, Тагнуул, Улсын бүртгэлийн газраас бичиг баримтаа авдаг болох юм. Энэ хугацаанд нь  манай байгууллага тухайн эрхээ сэргээлгэх гэж байгаа иргэнийг хэлэлцэн шийдвэрлэдэг болох юм. Өөрөөр хэлбэл сарын хугацаанд шийдэх боломжтой болж байгаа.

-Монгол Улсын харьяатаа сэргээлгэх хүсэлтийг хэр олон хүн тавьж байна?

-Ихэнхдээ Казакстан улсын иргэн болсон хүмүүс хүсэлтээ гаргадаг. Энэ жил нийтдээ 900 орчим хүний асуудлыг шийдвэрлэсэн.

Ж.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж