Архигүй шинэ жилийг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

Архигүй шинэ жилийг уриалав

“Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганы төлөөлөгчөөр сонгогдсон 100 төлөөлөгчид цөм эрчүүд. Ганц нэгхэн харагдах хүүхнүүд бол төрийн бус байгууллагынхан. Хүний төлөө тэр дундаа эрчүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг бүсгүйчүүдийн төлөөлөл гэсэн үг. Харин эрчүүдийн хувьд цөм урьд нь архины хамааралтай байсан, түүнийгээ ялан дийлсэн эрчүүд ажээ.  Чуулганд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар биечлэн оролцож, архины хамаарлаас ангижирч чадсан эрчүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ хойшид тэдний үлгэр дуурайллыг  хэрхэн нийгэмд дэлгэрүүлэх талаар ярилцаж, салбар бүртээ архидалтыг бууруулах чиглэлээр хийх ажлаа танилцуулсан юм.

Архи үйлдвэрлэгчдийг л "архичин" гэж нэрлэе

Энэ удаагийн чуулганы танхимд уриа лоозон биш амьдрал, бодит байдал яригдаж байснаараа бусад үндэсний чуулганаас онцлог байлаа. Тэнд цуглагсад өөрт тохиолдсон бэрхшээл, түүнийг хэрхэн давсан талаарх туршлагаасаа ярилцсанаараа онцлог юм.

-Архийг эзэн Чингисийн үеэс ихэд хориглож байсан. Гэтэл Манжийн дарлалын үеэс монголчуудыг номхруулах, мунхруулах ганц арга нь доройтуулагч идээ буюу архи гэж үзэх болсон. Үүнийг марталгүй доройтуулагч идээнээс зоригтой татгалзъя. Монголчууд бид Чингисийн цусаа спирттэй найруулж, удмын сангаа доройтуулмааргүй байна.

-Манайхан ураг удмаараа архинаас татгалзаж, 500 гаруй хүнийг хамруулсан “Архигүй ургийн баяр” хийсэн. Их сайхан байсан шүү.

-Бид найз нөхрийн сэтгэл, хүн чанарыг архитай хамт цэгнэх болсон. 0,33 граммын архи бариад ирснээ “Арай ч дээ”, 0,5 гр-ыг авчирвал “Болж байна”, 0,75 гр-ын архи өгвөл “Овоош дээ” гэж хүлээн авдаг болсон. Түүнчлэн архи уухгүй байгаа нэгнээ албадан шахаж “Аз жаргал нь ёроолдоо үлддэг” гэхчилэн буруу үлгэр үзүүлсээр өнөөдөртэй золгосон.

-“Hite  Монголд хайртай” гэсэн пивоны сурталчилгаа харин ч эсрэгээрээ хайргүйн нотолгоо гэсэн үгийг архины хамаарлаас ангижирсан залуус хэлж байна. Гэвч тэд өөрсдийгөө “архинаас гарсан” гэж хэлээгүй юм. Угаасаа архичин, архинаас гарах гэдэг хоёр үг утгаараа буруу гэдгийг залуус онцлов. Учир нь монгол хэлний  –чин дагавар баялаг бүтээгчдэд хамааралтай байдаг бөгөөд барилгачин, малчин, үсчин дунд архичин, тамхичин гэсэн буруу хэллэг байдгийг халах ёстой гэв. Харин ч архи үйлдвэрлэгчдийг л архичин гэж нэрлээд архи ууж, алдаж буруудаж яваа тэднийг архины хамааралд орсон гэж тодотгоод тэрхүү хамаарлаас гарахад нь нийгмээрээ туслах учиртайг сануулав. Дэлгүүрээс талх авсан хүнийг талхчин гэдэггүйн адил архичин гэдэг буруу хэллэгийг халахыг хүсэв. Түүнчлэн ирж 2014 оныг архигүйгээр угтахыг тэд уриалав. Архигүйгээр шинэ жил тэмдэглэж болдгийг “Эрүүл, идэвхтэй амьдрал” нийгэмлэгийнхэн сүүлийн дөрвөн жил харуулсан гэдгийг ч бас онцоллоо. Тус нийгэмлэг өдгөө улсын хэмжээнд 30 гаруй клуб ажиллуулж, олон арван залуусыг архины хамааралгүй болгож буй гэнэ.

Архи, спирт, тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхээ больё

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Араасаа сайн, саар хэл ам дагуулж байгаа ч энэ хууль тодорхой үр дүн дагуулж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл тун удахгүй Архины хяналтын хуулийг удахгүй гаргана гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. Чухам ямар асуудлыг хэрхэн тусгах нь одоогоор тодорхойгүй ч эл хуульд хүмүүс санал нэмэрлэсээр байгаа юм. “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганд оролцогчдын саналыг бас сонслоо.

Чуулганы төлөөлөгч Б.Ганбат:

-Архи бол хүнс биш. Тиймээс архийг хүнсний дэлгүүрт худалдаалахыг болиулах нь зөв л дөө. Дэлгүүрт ормогц хамгийн нүдэнд тусахуйц газарт архийг байрлуулснаас хүүхэд багачууд хүртэл архийг байдаг л зүйл мэт хүлээн авдаг болж байна. Тиймээс ил харагдахуйц бус газарт байрлуулан, хүнснээс  тусдаа зардаг болгох хэрэгтэй.

Эрүүл, идэвхтэй амьдрал ТББ-ын олон нийттэй харилцах ажилтан Н.Батбаатар:

-21 наснаас доош настнуудад архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх журам гарсан. Үүнийг юун түрүүн хуулиндаа тусгах нь зүйтэй. Хүүхэд залуучуудыг архинаас ангид байлгах үүднээс “Залуус-XXI” төслийг бид хэрэгжүүлж эхлээд байна. Хоёрдугаарт гэвэл архины зохистой хэрэглээ гэсэн ойлголтыг халах ёстой. Архийг зохистойгоор ууж болно гэсэн ойлголт түгээмэл байгаа нь харамсалтай. Түүнчлэн согтууруулах ундааны далд сурталчилгааны тухай хуулиар хориг тавих ёстой. Польшид л гэхэд архи, спирт үйлдвэрлэгчдийг халхавчилсан бизнес хийхийг хориглодог. Гэтэл манайд архины үйлдвэрүүд нь сүү үйлдвэрлэж байна, урлаг спортын арга хэмжээг ивээн тэтгэж байна. Жишээ нь, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгээр хүмүүсийг орон байртай болгож, шинэ байшин барьж өгч байгаа нь сайн хэрэг боловч бүтээлгийг нь хуулахад л “Хараа” гэсэн бичиг гарч ирэх жишээтэй. Үүнийг далд сурталчилгаа гэхээс аргагүй. Энэ мэт халхавчилсан бизнесийг халах талаар хуульд тусгах байх гэж найдаж байгаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга:

-Согтууруулах ундаа, архи, спирт,  тамхи үйлдвэрлэгчдийг төрийн түшээ болох, УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах заалтыг Архины хяналтын тухай хуульд оруулах нь зүйтэй. Өмнөх парламентын үед энэ хуулийг хоёр ч удаа өргөн бариад дэмжлэг авалгүй унасан юм. Архины хор хөнөөлийг бууруулахын тулд энэ асуудлыг хуульчлахаас аргагүй. Бусад улс орнуудад ч гэсэн төрийн түшээ болоход хязгаарладаг олон заалтын нэг нь энэ. Өнөөдөр манай улсад татварын болоод бусад төрлийн өр төлбөртэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлдэггүй. Гэтэл өр төлбөр бол тухайн хүний асуудал. Гэтэл архины үйлдвэрлэл гэдэг маш олныг хамарсан хэрэг болж байгаа юм. Архи, тамхи бол хортой бүтээгдэхүүн. Тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд УИХ-д сууж байна гэдэг бол харамсалтай.

Хүмүүс ийн өгүүлж байна. Эгэл иргэдээсээ эхлээд дарга сайдаа хүртэл архинаас татгалзаж байна. Ерөнхийлөгч л гэхэд шинэ оныг оргилуун дарсаар бус аяга дүүрэн сүүгээр угтдаг болсоор удаж байна. Тиймээс архинаас ангид амьдарч, согтуу сэтгэхүйгээр бус саруул ухаанаар хамтдаа урагшлахыг үндэсний чуулганд оролцогчид уриаллаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж