
“Манай засагт хоёр юм буруу байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа явдал” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” чуулга уулзалтын индэр дээрээс хэлж байсан. Ерөнхийлөгч маань буруу ярилаа гэж бодож байна. Сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд 76 гишүүнтэй хэрэлдэх, Засгийн газрын 17 гишүүнтэй муудалцах, 21 аймаг, нийслэлийн засаг ноёдтой шөргөөцөлдөх гээд мундахгүй их асуудал гарч ирдэг. Засаг ноёдын томилгоо, халаа сэлгээтэй зууралдсан мартагдашгүй 1460 хоногийг үдсээр 20 гаруй жил боллоо. Одоо больё. УИХ-ын 76 гишүүнтэйгээ л зууралдаад дуусъя. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн, сайд, аймгуудын Засаг дарга, агентлагуудын даргын ажлыг хавсарч хийдэг болгон хуульчилж өгөх хэрэгтэй байна. Чуулганы хуралдааны ирц, танай манай намын хүн засаг ноёноор сууж, агентлаг толгойлох ёстой гэсэн хэрүүл ч намжина. “Засаглалын хямрал нүүрлэнэ”, “Нэг хүн олон ажлыг давхар хийхэд хэцүү” гэх байх. Харин ч үгүй. Хуулиа ч батлалцана, аймгаа ч удирдана, агентлагаа ч толгойлно. Ах дүү, амраг садан, найз нөхдөө дуртай албан тушаалдаа тавиг. Хэн олон ах дүү, хамаатан садантай нь хамгийн ашигтай аймаг, агентлагийг авах хэрэгтэй. Тэр хүмүүсийнх нь тоо дуусаж, барагддаг юм байгаа биз дээ. Аймгаа ч мэддэг, салбараа ч мэдэрдэг УИХ-ын гишүүддээ тийм эрх олгочихоод 76-хан хүнтэй “зодолдох” амархан санагдаад байгаа юм. Ц.Нямдорж гишүүнд Хууль зүйн яамыг, Увс аймагтай, УЕПГ-тай нь хамт өгдөг ч юм уу, М.Энхболдод Шадар сайдыг Төв аймагтай нь, З.Энхболдод УИХ-ын даргыг, Өвөрхангайтай нь, Төрийн өмчийн хороотой нь хариуцуулж болж байна. Шинэ залуу гишүүд яах вэ гэж үү. УИХ-ын гишүүнийх нь статус дээр аль нэг дүүрэг, нийслэлийн нэг агентлагийг өгчихөж болно. Чадал сууж, цаашдаа хэд хэдэн удаа парламентад орж ирэх шаансыг нь харж байж чухал чухал бус “объект”-уудаа оноож өгч болох юм. Дор хаяж 400-500 албан тушаалтантай хэл амаа ололцох гэж зүдэрч байхаар нүд чихэнд ойр 76-тайгаа л зууралдаад үзмээр санагдчихлаа, байна.
Б.ОЮУНГЭРЭЛЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин