&#34Нарантуул&#34-ын гацуур хамгийн хямдхан

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

&#34Нарантуул&#34-ын гацуур хамгийн хямдхан

-Ээж ээ. Энэ жинхэнэ гацуур мод биш байна шүү дээ гэж жаал хүү хэлэх нь сонсогдов. Өвлийн хүйтэнд хацар нь улаа бутарч даарсан хүү гацуур авахын тулд "Нарантуул"-ыг зорьсон ч  өнгө, өнгийн гэрлээр чимэглэсэн хуванцар гацуур мод хүүгийн сэтгэлд хүрсэнгүй бололтой, уравгархан байгаа нь илт. Ээж нь харин хямдхан бөгөөд гоё мод олчих санаатай "Нарантуул" зах дээр зарж байгаа гацууруудыг шилж сонгон, үнийг нь асуух.  Цасанд нэвсийтэл даруулсан жинхэнэ ногоон гацуурханыг  хүү мөрөөдсөн үү, зах дээр зарагдаж буй гацуур модыг тоомжиргүй харах нь өхөөрдмөөр.

Монголчууд шинэ жилийг  өргөн дэлгэр тэмдэглэдэг.  Айл болгон, албан газар бүхэн сүлд мод засч, өнгө өнгийн саагаар гэрээ гоёдог.  Тиймээс арванхоёр сар гарангуут шинэ жилийн худалдаа эхэлдэг болоод удаж байна.
 
Энд тэндэхийн дэлгүүр хоршоо, үзэсгэлэнд тавигдсан мод дэндүү үнэтэй. Хэр баргийн хүмүүс худалдаж авч хүчрэхгүй болохоор "Нарантуул"-аас хямд гацуур худалдан авахаар тус захыг зорих нь элбэг.

"Гацуур аваарай, гацуураа аваарай" гэсэн "Нарантуул"-ын наймаачид олны анхаарлыг татаж, шинэ загвар орж ирэхээс өмнө өнгөрсөн жилийнхээ үлдэгдэл модыг шахахаар "сайн ярина шүү, хямдхан өгнө шүү" хэмээн панаалдах. Үүдээр оронгуут  хэдэн гацуур мод эгнээд тавьчихаж.  Өнгө өнгийн гэрлийг нь бас асаачихаж.  Наймаачид аа гэж. Хүний сэтгэлийг яаж татахаа ч андахгүй юм. Хажуугаар хүүхдээ хөтлөөд өнгөрсөн хүмүүсийг дуудаж авчраад л бараагаа зад рекламдаж байгаа нь харагдав. Үнийг нь асуунгуут "сайн ярина шүү"  гэх.

Нийслэл хот сүлд модоо засч, шинэ жилийн уур амьсгал хэдийнээ эхэлжээ.  Шинэ жил ойртох тусам гоё, гоё сүлд мод урдаас орж ирдэг, үнэ нь өсдөг болохыг сүүлийн гурван жил энэ чиглэлээр наймаа хийж байгаа Б хуучлав.

Өнөөдөр /XII.5/ “Нарантуул” захын хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа.  Гэхдээ зарж байгаа мод тийм ч элбэг биш. Загвар нь хуучиндуухан. Өнгөрсөн жил дүүдээ худалдан авч байсан гацуурын яг ижилхэн нь үнэ нь өсчихсөн байна. Хэмжээ, гэрлэн чимэглэл, залгуурыг нь харсан ч өнгөрсөн жилийн өдийд дүүдээ авч өгсөн хуванцар гацуур мөн. Өнгөрсөн жил 45 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил 65 мянган төгрөг гэнэ. Өглөө эрт байсан болохоор гацуур зарж буй ах “Дүү наймаа хагалаад 60 мянган төгрөгөөр ав” гэж байна. Би өнгөрсөн жил яг ийм гацуурыг 45 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ жил арай өөрийг авмаар байна. “Шинэ” гацуур нь хаагуур байгаа вэ? гэж асуувал,

-Юанийн ханш өсөөд байна шүү дээ дүү. Юанийн ханш өнгөрсөн жилийнхээс өчнөөн төгрөгөөр чангарсан. Үүнийг дагаад бүх юмны үнэ нэмэгдсэн. Гадуур, дэлгүүрүүдэд  бол наад гацуур чинь үнэтэй байгаа шүү. Эртхэн авсан нь дээр гэж чамд зөвлөмөөр байна хэмээн наймаачин ах бараа зарчих санаатай намайгаа сэнхрүүлж байна.

“Нарантуул” зах дээр хуванцар гацуур хэлбэр хэмжээ, өнгө үзэмж, гэрлэн чимэглэл, өлгөх тоглоомноосоо хамаараад 60-350 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь харагдав. Гэвч үнэхээр гоё гацуур алга. Үүнийг нь авчихья гэсэн нь ерөнхийдөө ховор.  Өнгө, үзэмж сайтай нэг үгээр бол “гоё” гацуур нь Их дэлгүүр, Хороолол хавиар зарагддаг гэнэ. гэхдээ шинэ жил дөхөхөөр илүү гоё гацуурууд урдаас орж ирдэг аж.  Харин Өвлийн өвгөн аавын хувцас том хүнийх нь 6000 төгрөг, хүүхдийн бол 5000 төгрөгийн үнэтэй байна. Гацуурт өлгөдөг бөөрөнхий тоглоомнууд 3500-6000 мянган төгрөгийн ханштай байна.

-Дүү сайн гацуур авна гэвэл би ах руугаа хэлээд өгье. Манай ах Их дэлгүүрийн орчим гацуур зарж байгаа. “Нарантуул” зах дээр үнэтэй гацуур зарвал хүмүүс гайхна шүү дээ гэлээ. Гацуур авахад хүртэл зэрэг, зиндаа яригдах болсон байна шүү.  

 “Нарантуул” захын бид нар иргэдийнхээ амьдрал ямар байгааг мэднэ. Хэдэн хувь хямдарлаа, яараарай, цөөн үлдсэн гэж рекламдахгүй хүмүүс ирээд гацуураа сонговол сайхан “яриад” /хямдруулаад/ өгчихнө. Мөнгө төгрөг нь хүрэхгүй бол хүүхэд нь буян болог гээд өгчихнө" хэмээн ах хүү  ухуулав.

“Нарантуул” захаас өнгө, үзэмж нь дундаж гацуур авахад 120-150 мянган төгрөгийн үнэтэй болох юм аж. 40-60 мянгынх хямдхан гацуурууд хэлбэр, хийц нь тун болхи байгаа харагдаж байлаа.  "Нарантуул"-д шинэ жилийн уур амьсгал нэг иймэрхүү орсон харагдана. Он солигдох мөч ойртох тусам тэнд хөл хөдөлгөөн найгаа алддаг шүү дээ. Одоо бол харьцангуй нам жимхэн байна лээ.








Б.БИЛЭГ

Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж