
Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн Х.Хатанбаатар болон түүний шавь нар ой тогтоолт, оюун ухааны олимпт ийнхүү Монголын нэрийг гаргаж байна. Тэрбээр саяхан ой тогтоолтын олон улсын шүүгчийн эрх авах шалгалтаа амжилттай өгч, шүүгчийн эрхээ гардан авчээ. Дэлхийн хэмжээний 20 шүүгчтэй өрсөлдөж, хоёрдугаар байрт шалгарсан гээд бодохоор энэ залууг ямархан авьяас чадалтайг нь харагдах биз ээ. Монголчууд гайхалтай ой тогтоолттой хүмүүс. Мянгат малчин байлаа гэхэд малаа нас зүсээр нь мэднэ. Тийм ард түмний үр сад ийм байхаас ч яах билээ. Х.Хатанбаатар гэгч энэ залуу хэзээ ч “Би” гэж цээжээ дэлдээгүй, оюутны спортыг үнэлсэнгүй гэж гомдоллоогүй. Харин шавь нараа дэлхийн энд хүргэж чадсан “од”. Х.Хатанбаатар Туркийн Анкара хотын ГАЗ-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн гэнэ билээ. Хүн болгон хуульч болохыг мөрөөддөг болсон энэ цагт тэр ч бас мэргэжлээрээ ажиллаж болох байсан. Гэвч тэгсэнгүй. Монголын хүүхэд залуучуудын оюуныг хөгжүүлэх их үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж буй билээ. Оюуны спортын од залуудаа улам улам их амжилт хүсье.