
Монгол Улс үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2011, 2012 онууд тус бүр 3300, 2013 онд 6600 хүнийг мэргэжил эзэмшүүлэн хөдөлмөрийн зах зээлд гаргажээ. 2014 оны хувьд ч мөн адил үндэсний мэргэжилтнээр 6600 хүнийг бэлтгэх юм. Ингэхдээ мэргэжил эзэмшсэн бүхий л иргэнийг 100 хувь ажлын байраар хангах аж. Түүнчлэн иргэдийг суралцаж байх хугацаанд 35 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгодог байсан бол хоёр дахин нэмэгдүүлэн 70 мянга болсон талаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга мэдээллээ. Тэтгэлэг ийнхүү нэмэгдсээр суралцагчдын чанар сайжирна гэж МБСБХЗГ-ын дарга С.Жадамбаа ярив. Одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжлийн хэчнээн хүн сургах шаардлагатай байгаа талаар ажил олгогчдоос судалгаа авч байна.
Суралцагчдын насны тоог заагаагүй бөгөөд мэргэжил эзэмшихийг хүссэн бүхий л иргэнийг бүртгэх юм. Өмнө нь тус хөтөлбөрийг бусад томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлж байсан бол ирэх оноос Хөдөлмөрийн яам дангаар эрхлэхээр болжээ. Хөдөлмөрийн яамны мэдээлж буйгаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын нийт 78 байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаас 66.7 хувь нь төрийн өмчийн, 33.3 хувь нь төрийн бус өмчийнх байна.
О.САР