“Олонлог&#34 олон хүүхдийг хүмүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

“Олонлог&#34 олон хүүхдийг хүмүүжүүлнэ

Монголд хэвлэгдэж буй математикийн төрөлжсөн “Олонлог” сэтгүүлийн 20 жилийн ой энэ жил тохиож байна. Сэтгүүлийн эрхлэгч “Олонлог” сургуулийг үүсгэн байгуулагч Б.Баясгалан болон Монгол Улсын гавьяат багш Ц.Дашдорж нар дурсамжаа ийн өгүүлж байна.

“Олонлог” сэтгүүл- залуу үедээ үлдээх өв, захиас юм

3013 оны өдийд хүн төрөлхтөн ямаршуухан аж төрж байхыг таахад хэцүү байх. Тэр үед хүн өөрийгөө нилээд сайн таньж мэдсэн байх нь эргэлзээгүй бөгөөд хоол хүнс зэрэг хэрэглээнийсоёл, амьдрах хэв маяг тэр чигтээ өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Өвчин анагаах зэрэг техник, технологийн ололтууд дээд цэгтээ хүрч генетикийн салбарын том нээлтүүд хүн төрөлхтөнг улам төгс болгох чиглэлээр гарамгай үр дүнд хүрсэн байх нь ч тодорхой юм. Шинжлэх ухааны ололтууд хүний уураг тархины чадамж дээшлэхийн хэрээр чанаржиж онцгой амжилтуудад хүрсэн байх буй. Хөдөлмөрийн хуваарь нарийсч хувь хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг улам бүр багасах магадлалтай юм.

Гэхдээ л хүн төрөлхтөн үр удмаа үлдээх, дараа үеэ бэлтгэх, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх үүргээс чөлөөлөгдөөгүй байсаар байх болно. Хиймэл оюун ухаан, эд эрхтэн бүтээж байсан ч сэтгэл зүрх, зөн билэг, мэдрэхүй, хайр энэрлийг бүтээж чаддаггүй хэвээрээ л байх болно. Үр удмаа үлдээж, тэднийг бэлтгэн хүмүүжүүлэхдээ онцгой анхаардаг хэвээрээ байх буй. Хичнээн хичээвч шийдэж үл чадах, арга чадал нь үл хүрэх асуудлууд байсаар л байх юм.

Тэр үед ч бид дараа үедээ ертөнцийн зүй тогтлыг тайлбарлаж өгдөг хэвээрээ байх бөгөөд үр удам маань өөрөөр сэтгэл зүрх, зөн билэг, мэдрэхүйтэй байх учраас боловсрол олж хөгжих явцдаа бас л өөр өөрөөр төлөвшин хүмүүжсээр байх болно. Бидний дараа үедээ өвлөж үлдээдэг эрдэм мэдлэгийн дотор математик ертөнцийн зүй тогтлын тухай үндсэн сургааль гэдэг утгаараа тэр чигтээ л үлдсэн байх болно. Бид 2000 жилийн өмнө сэтгэж байсан Пифагор, Эвклидийн математикийг одоо ч шимтэн үзэж, ертөнцийн зүй тогтолтой төгс зохицож буйг мэдрэхийн хамт одоогийн төвшиндөө ч улам сайжруулан жил бүр шинэ нээлт ололтоор баяжуулсаар байгаа билээ. Ялангуяа хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд математикийн агуу амжилтуудыг олжээ. Математикийн үндэслэл, танин мэдэхүй, логик болон шийдвэрлэх учиртай тухайн асуудлуудыг шийдвэрлэхэд энэ 100 жил онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Дахиад 1000 жилийн дараа ч байдал ийм байсаар байх болно.

Ийм л учраас бид өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож байгаа Олонлог сэтгүүлээ маш балчир байна даа хэмээн бодож улам лавшруулан хөгжүүлэхийг эрмэлзэн, залуу үедээ үлдээх нэгэн өв, захиас маань хэмээн дээдэлж суудаг юм. Дэлхий улам бүр ойртож нэгтгэгдэхийн хэрээр улс үндэстнүүд өөр хоорондоо харьцуулагдаж тэгэх бүртээ бүх үзүүлэлтээрээ ангилагдах болсон энэ цаг үед улс үндэстний залуу үеийн боловсролын асуудал онцгой ач холбогдолтой болсоор байна. Монгол залуус дэлхийн хөдөлмөрийн нэгдсэн хуваарьт муугүй байр суурьтай байхын тулд сайн математик боловсролтой байхаас өөр гарц харагдахаа больж байна. Бага залуугаасаа ярьж, сэтгэсэн эх хэл дээрээ илүү зөв хурдан оновчтой сэтгэж сурахгүйгээр дэлхийд өрсөлдөх боломжгүйг цаг хугацаа харуулсаар байна. Дараа үеэ, үр удмаа найдвартай үнэн боловсролтой болгохгүйгээр бид харанхуйд үлдэх магадлал бий болсоор байна.

Ийм л байр сууринаас бид 20 жилийн өмнө энэхүү сэтгүүлийг гаргаж байсан бөгөөд хүнд хэцүү, алдаа оноотой цөөнгүй өдрүүдийг өнгөрөөжээ. Сэтгүүлийг маань анх 1993 оны 5 дугаар хэвлэхэд тус дэм болсон олон хүн байдаг. Хөрөнгө санхүү ба эрдэм ухааны дэмжлэггүйгээр энэ сэтгүүлийг гаргахад мөрөөдөөд ч хэрэггүй байсан юм. 1992 оноос эхлэн энэ тухай хэлэлцэж бэлтгэсээр хэвлэгдэж байсан цаг тодхон байна. Хэвлэлийн цаас, хэвлэх үйлдвэр, комьпютер программ, эх бэлтгэл, мөнгө санхүү тааруухан байсан тэр цаг үед үзүүлсэн дэмжлэгийг энэ цаг үед юугаар ч хэмжихээргүй тус дэм гэж болох юм. Цаас ховрын бэрхшээлийг математикч Н.Жадамба, хэвлэлийн эх бэлтгэлийг математикч Б.Түмэндэмбэрэл, хэвлэх зардлын анхны хандивыг Б.Батбаасан нар шийдэж байсанд өнөө ч дурсгалтай, бахархалтай санагдаж явдаг. Сэтгүүлийн анхны дугааруудыг бэлтгэхэд шаардлагатай бичлэг, судалгаа, агуулга найруулгыг математикч Д.Шагдар, Н.Намсрай, Х.Гэндэнжамц, Я.Доржсүрэн, В.Адъяасүрэн, Ц.Лувсандорж, Л.Тэрбиш нар маань өлгийдөн авч бойжуулсан билээ. Тэдний зарим маань Бурханы оронд залран тэнгэрийн эрхэсийн орчилд тоон ухаанаар ном хаялцан жаргаж суугаад эргэлзэхгүй байна.

Олонлог сэтгүүлийн анхны дугаарыг 1993 оны 5 сард олон хүний дэмжлэг зүтгэлээр хэвлэн гаргаж байлаа. Өнөөдөр 20 дэх жилдээ хэвлэгдсээр л байна. Миний нэг танил академич хэн ч уншдаггүй, хэрэггүй цаас гэж Олонлог сэтгүүлийг маань олонд зарласаар байдаг юм. Миний шавь, хамт ажилладаг багш нарын зарим нь борлогдоггүй, цаасны гарлага, зай эзлэх новш хэмээн үнэлдэг болжээ. Би үүнийг тоодоггүй бөгөөд цаашид ч хэвлэсээр байх болно. Учир нь, бидний монголчуудын сэтгэлгээний түвшнийг нотлох түүхэн баримт үлдэх ёстой, монгол иргэд математикийн жинхэнэ нүүр царай, үнэн түвшинг эх хэлээрээ бичигдсэн эх үүсвэрээс олж харах боломжтой байх ёстой гэж би үздэг. Олонлог сэтгүүлээр Монголын маань цөөнгүй хүүхэд дурлан шимтэж хүмүүжснийг би мэддэг, тиймээс сэтгүүлээрээ бахархдаг. Бүх юмнаас ашиг хонжоо харах сэтгэлгээ заримдаа хүний агуулга, мөн чанарыг үгүй хийдэг.

Боловсролын бодлого энэ тэрийг ярих, тулгах хэн нэгэн юу ч хэлж болно. Тэр дотроос ганц зүйл л үнэн байдаг учиртай. Математикт чадлын хэрээр суралцаж (үүнийг аль болох олон цагаар, шантарч мятралгүй гэсэн агуулгаар ухаарахыг хүсч байна, гэхдээ гүйж харайж, эрүүл чийрэг байхаа мартаж болохгүй), оюуны ертөнцийн түгээмэл зүй тогтол, гоо сайхнаас багаар боловч эмтлэн амсч ухаарах юм. Та өөрөө, эсвэл үрхүүхэд, ач зээгээ математикч болох, болгох гэсэндээ тоо бодож, бодуулж байгаа хэрэг огт биш бөгөөд байгаа боломжийг бүрэн нээн дэлгэрүүлж, өөрийн хэмжээнд цэцэглэн нахиалах хөрс суурийг л бүрдүүлж буй чармайлт юм. Та хаана ч, хэзээ ч, юу ч болж байснаас үл хамааран ээдрээт байдлын үзүүр төгсгөлийг илрүүлж чадах торгон мэдрэмжийг олж авахын төлөө бодлого бодож, бодуулж байгаадаа итгэлтэй байгаарай.

Б.Баясгалан
Олонлог сэтгүүлийн эрхлэгч

“Олонлог” сэтгүүлийн шинэ дугаарыг тэсэн ядан хүлээдэг

Манай математикчид 1993 оноос хойш ОУМО-оос жил алгасалгүй медаль авч, манай байр урагш ахисныг чухам тэр жилээс “Олонлог” сэтгүүл тогтмол гарч эхэлсэн болон П.Энхболдын нэрэмжит Математикийн Улсын уралдаан зохиогддог болсонтой холбож үзэх нь үнэнд илүү ойртох боловуу! Математикийн судалгаа, сургалт, сурталчилгааны ном зохиолын хоббитой миний бие “Квант”, “Математическое просвещение”, “American Mathematical monthly”, “Crux Mathematicorum, GazetaMathematica” сэтгүүлүүдийг сөхөж үздэг боловч “Олонлог” сэтгүүлийн шинэ дугаарыг тэсэн ядан хүлээж, тэндээс математикийн сувд эрдэнийн талаарх математикийн бурхадын айлдварыг сонирхож, оюун сэтгэлгээний таашаал хүртэж, түүндээ их баярлаж явдаг билээ. Манай математикийн хамгийн алдарт олон аваргуудын цугларал болсон “Олонлог” сургуулийн хамт олны сэтгэл, итгэл шингэж, асар их хүч хөдөлмөр зарцуулж байж гардаг математикийн энэ гайхамшигт сэтгүүлийг манай бүх сургууль захиалан авч байгаасай, математикийг ойлгох, эзэмших хувьтай төрсөн Монголын маань мянга, мянган охид, хөвгүүд энэ сэтгүүлийн үзэл санаагаар хүмүүжээсэй гэж өвгөн математикч ах нь үнэн зүрхнээсээ хүсдэг билээ. Дараа дараачийн дугаар бүр нь урьд урьдынхаасаа илүү сонирхолтой, чамбай болдог нь зөвхөн манай “Олонлог”сэтгүүлд л байдаг нэг онцлог давуу тал юм шиг надад санагддаг. Та бүхэндээ баярлаж явдгаа ММОХорооныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа илэрхийлээд, Монголынхоо ирээдүй хойчийг математикаар сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх хүндтэй бөгөөд асар их хариуцлагатай энэ албандаа их амжилт олохыг хүсэн ерөөе.

ММОХорооны дарга, Монгол Улсын Гавьяат Багш, проф Ц.Дашдорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж