Стив Керр “Санс”-т үлдэхийг хүссэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Стив Керр “Санс”-т үлдэхийг хүссэнгүй

Стив Керрийн босгосон “Финикс Санс” баг энэ улиралд өндөр амжилт үзүүлж, бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн билээ. Харин энэ амжилтанд түүний авчирсан болоод драфтаас, чөлөөт агентаас сонгосон олон тоглогч голлох үүргүүдийг гүйцэтгэсэн юм.

Керр орон нутгийн цагаар мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийлгэж, багтаа үлдэхгүй болсон тухайгаа зарласан бөгөөд ингэхдээ үүнийг гэр бүлийн шалтгаанаас болсон хэмээн тайлбарлажээ.

Гол нь багийн удирдлага түүнд өгөх цалингаа ирэх жил 10 хувь багасгана гэсэн учир менежер өөрийн эрхээ эдэлж, дөрвөн жилийн гэрээнийхээ үлдсэн нэг жилийг тус багтай өнгөрүүлэхгүй гэжээ. “Хамгийн чухал нь гэр бүл юу юунаас ч илүү эрхэм. Тиймээс гэр бүлээ бодож багаа орхих шийдвэр гаргасан” гэдгээ ноён Керр дахин дахин хэллээ.

Гэхдээ үлдэж байгаа багтаа санаа зовохгүй байгаагаа тэрбээр мөн дурдсан байна.

“Финикс Санс”-т өдгөө өсөх ирээдүйтэй залуу тоглогчид, мөн ахмад туршлагатай чадварлаг тоглогчид байгаагийн дээр дасгалжуулагчийн шилдэг алба бий болгож чадсан. Нэг ёсондоо залгамж халаагаа хангалттай бэлтгэжээ. Энэ бүхэн зөвхөн Стив Керрийн ач.

Харин ганцхан харамсч байгаа зүйл нь Алвен Жентри болоод Стив Керрийн нөхөрлөл гэж онцолсон байна.

Амаре Стадмайр чөлөөт агент болж байгаа нөхцөлд, мөн 24-нд драфт болох гэж байхад “Финикс Санс” менежергүй болж байгаа нь харамсалтай. Тэр тусмаа Керр шиг сайн менежер.

Магадүй багийн удирдлагуудад энэ нь томоохон цохилт болсон байж болох юм. Керрийг бага цалингаар багтаа үлдэнэ гэсэн шахалтыг түүнд үзүүлсэн байх. Тийм учраас хэвлэлийн бага хуралд оролцоогүй байж болох юм.

Керр цаашид аль нэг багийн менежер болох, эсвэл буцаад телевизийн мэргэжилтэн болох уу гэдэг дээр ямар нэгэн хариулт өгөөгүй байна.

Б.Ялалт
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж