
тушаал, эрх мэдэл, ширээ сандал булаацалдсан, тулга тойрсон хов жив хаа
сайгүй өрнөж байна. Сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн гэх хэрүүл
маргаан Монголын төрд бүтэн нэг жилийн турш үргэлжилж байна. Өнөөдрийн
байдлаар Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Дундговь аймгийнхан сандал
суудлаасаа болж толхилцоонтой байгаа гэнэ.
Дорнод аймгийн
ИТХ-ынхан хоёр хуваагджээ. Аймгийн Засаг дарга асан Ц.Жанлав ажлаасаа
чөлөөлөгдөх хүсэлтээ ИТХ-даа тавьсан байна. Сүүлийн гурван жилийн турш
эмнэлгээр явсан түүний “гадаадад биеэ эмчлүүлэх шаардлагатай байна”
гэсэн өргөдлийг аймгийн ИТХ хүлээн авснаар оронд нь хэнийг томилох вэ
гэдэг асуудал өнөөдрийн маргааны эхлэлийг тавьжээ.
2012 оны Орон
нутгийн сонгуулиар Дорнод аймагт МАН олонх болсон. Олонх нь эрх мэдлээ
гартаа авдаг хуулиар МАН-ынхан Засаг даргаа өөрсдийнхөө хүнээр тавих
санал хэд хэдэн удаа гаргасан боловч Ерөнхий сайдын зүгээс түүнийг нь
хүлээж аваагүй юм. Тодруулбал, өнгөрсөн оны сонгуулийн дараа Дорнодын
ИТХ-д олонх болсон МАН-ынхан аймгийнхаа Засаг даргаар М.Бадамсүрэнг
томилуулах хүсэлтээ удаа дараа тавьсан бөгөөд “Төрийн албанд гурван жил
ажиллаагүй хүнийг Засаг даргаар томилохгүй” хэмээн Ерөнхий сайд
Н.Алтанхуяг түүнийг халгаагүй юм. Үүнээс болж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Ерөнхий сайдтай би, чи дээ тулан хэрэлдэж байсан удаатай. Энэ хэрүүл
сунжирсаар эцэс сүүлдээ хуучин Засаг дарга Ц.Жанлавыг суудалд нь буцаан
томилсноор асуудал намжсан.
Тэгвэл Ц.Жанлав нь эрүүл мэндийн
асуудлаас болж албан тушаалаа өгснөөр тус аймагт хурцалмал байдал үүсээд
байгаа аж. Өмнөх Засаг даргын оронд МАН-ынхан П.Мөнхтөрийг, Ардчилсан
намынхан С.Ганбатыг санал болгохоор тус тусдаа тохиролцоо хийж. Гэтэл
аймгийн ИТХ хуралдахаас нэг хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын
2-ны өдөр МАН-ын бүлгийн хуралдааны үеэр П.Мөнхтөрийг АТГ-ынхан
баривчилжээ. АТГ-ынхан П.Мөнхтөрийг баривчлахдаа түүнийг өмнө нь
аймгийнхаа Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа хөрөнгө мөнгө
идэж уусан гэх хэрэгт буруутгасан гэнэ. П.Мөнхтөр нь Дорнодын МАН-ын
бүлгийн даргаар ажилладаг, өмнө нь аймгийн Авто тээврийн газрын даргын
албыг хашиж байхдаа үндэслэлгүй хураамж авсан, хот хоорондын автобус
тээврийн будилаанд оролцсон гэх хэрэгт холбогдуулан АТГ шалгаж эхэлжээ.
Үүнийг Дорнод аймгийн МАН-ынхан эсэргүүцэж байгаа аж.
П.Мөнхтөрийг
нь АТГ-ынхан баривчлаад явчихсан учраас Дорнод аймгийн ИТХ-аар АН-аас
санал болгосон С.Ганбатыг аймгийн Засаг даргаар томилох шийдвэр
гаргажээ. Түүнийг Засаг даргаар батламжлах эсэхийг Ерөнхий сайд шийднэ.
Хэрэвзээ аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хууль бус гэж Ерөнхий сайд
үзвэл Дорнодын ИТХ энэ асуудлыг дахин хэлэлцэхэд хүрнэ. Гэхдээ Ерөнхий
сайд өөрийнхөө намын хүнээс татгалзах шаардлага гарахгүй болов уу.
С.Ганбат нь Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж
байсан юм байна.
Дорнодод үүсээд байгаа дээрх асуудлыг МАН-ын
удирдлагууд хууль бус хэмээн үзэж байгаа юм. АТГ-ынхан дээрээс өгсөн
тушаалаар хөдөлж, МАН-аас Дорнодын Засаг даргаар сонгогдох магадлал
хамгийн өндөртэй байсан хүнийг нь баривчилсан хэмээн хардаж байгаагаа
нуухгүй байна.
Аймгийнхаа ирэх оны төсвийг ИТХ-аар тун удахгүй
хэлэлцэхээр төлөвлөж байсан ч МАН-ын гишүүд дээрх асуудлаас болж хуралд
оролцохгүй гэдгээ мэдэгдсэн гэх. Тэгвэл Дорнод аймгийнхан Засаг даргын
суудлаас болж ирэх жилийнхээ төсвийг баталж чадалгүй шинэ онтой золгож
магадгүй байна.
Дундговийн ИТХ-ынхан Засаг даргаа огцруулах
шийдвэр гаргасан. Тэгвэл Говь-Алтай ч бужигнаантай, Хөвсгөлийнхэн
хэрүүлтэй суугаа. Иймэрхүү хэрүүл, хов жив хөдөөд өрнөж байна. Гэтэл
энэ өвлийг их хүйтэн болно гээд Ус цаг уурынхан зарлаад байдаг.