“Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” зэрэг уран бүтээлээр нь хөгжим сонирхогчид андахгүй “Freezone” хамтлагийнхан “Хотын хэмнэл” амьд тоглолтоо тун удахгүй толилуулахаар зэхэж байна. Энэ сарын 7-нд буюу ирэх бямба гаригт болох тоглолтынхоо талаар хамтлагийн залуус өнөөдөр “Brauhause” ресторанд мэдээлэл хийлээ.
Тэдний тоглолтыг “On’n off” продакшн зохион байгуулж буй. Тоглолтын найруулагчаар С.Ононбат ажиллах бөгөөд тэрбээр “Давтагдашгүй”, “Монгол поп-1, 2”, “Нандан шүтээн” зэрэг сүүүлийн үеийн ихэнх тоглолтод уригдан оролцсон билээ. “Хотын хэмнэл” тоглолтод тэдний 1990-аад онд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан тэр хэмнэлээс огт өөр, орчин үеийн өнгө аястайгаар үзэгчдэд хүргэх гэнэ.
Тэд мэдээлэл хийх үеэрээ “Тэдний дууг хэн хамгийн сайн дуулах вэ?” уралдааны ялагчийг зарласан юм. Facebook хуудсаар дамжуулан зарласан тус уралдаанд ШУТИС-ийн оюутан Тэлмэн түрүүлжээ. Тэрбээр “Хотын хэмнэл” тоглолтод “Freezone”-ын залуустай хамт тайзнаа “Өвлийн шөнө” дууг дуулах гэнэ.