Драфтын шилдэг тавд багтаж чадах дараагийн тоглогчоор ихэнх аналистууд ДеМаркус Коунсис гэгч залууг нэрлэж байна. Энэ залуу 1990 оны наймдугаар сарын 13-нд Алабама мужийн Мобайл хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Довтлогч, төвийн тоглогчоор тоглодог энэ залуу 211 см өндөр, 132 кг жинтэй ажээ. Ли Флорын ахлах сургуульд суралцдаг байсан тэрбээр шигшээ багтаа гайхалтай тоглолт гаргадаг байсан ч баг нь төдийлөн амжилт гаргаж чадаагүй юм. Өнгөрсөн жил буюу аллах сургууль төгссөн жилдээ тэрбээр хамгийн оргил амжилтаа гаргаад зогссонгүй байрлалынхаа хамгийн шилдэг тоглогч болохоо батлан харуулж “МакДоналдс-Бүх оддын тоглолт”-д шалгаран оролцож, мөн “Nike”, “Jordan” брэндүүдын зохион байгуулдаг үзүүлэх тоглолтод уригдан оролцож байжээ. Түүнийг ахлах сургууль төгсөнгүүт Кентакийн их сургууль авахаар шаргуу зүтгэж байсан нь Жон Уоллтой хослон тоглуулахад яг тохирсон гэж үзэж байсантай холбоотой. Ингээд Коунсис “Кентакийн зэрлэг муурнууд” багт тоглох болсон байна. Нэг жилийн хугацаанд хамт тоглосон ДеМаркус Коунсис, Жон Уолл нар хэдийгээр ганцхан улирал хамт тоглосон ч багаа NCAA-ын шилдэг наймд шалгаруулж чадсан байна. ДеМаркус коллежид өнгөрөөсөн ганцхан улиралдаа дунджаар 15.1 оноо, 9.8 удаагийн самбараас бөмбөг авалт , 1.8 удаагийн блок шотыг хийж байсан байна. Хэрвээ судлаачдын таамаглаж байгаагаар ДеМаркус Коунсис драфтын дөрвөөр гарвал “Минессота Тимбервулвес” багт очих магадлал өндөр байна.
Г.Баярмөнх
Score Studio