
Ирэх жил нийт 14 мянган тонн нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод худалдах бөгөөд мах бэлтгэл, худалдаанд дөрвөн компанийг сонгон шалгаруулаад байна. Дархан, Эрдэнэт хотын нөөцийн мах бүрдүүлэлтийн ажиллагаа одоогоор асуудалгүй, харин нийслэлд худалдах мах бүрдүүлэлт хэт удаашралтай байгаа талаарх гомдол гарсан юм. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагаар ахлуулсан албаныхан “Баатарууд тэнгэр” ХХК-ийн БЗД-ийн Оффицеруудын ордны тойргийн зүүн талд байрлах агуулах болон Сонсголонд байрлалтай, “Эй Эн Ди Эм” ХХК-ийн 22-ын товчооны замын урд байрлах нийт гурван агуулахаар очиж, компанийн мэргэжилтнүүдээс мах бэлтгэлийн үйл явц ямар байгааг асууж шалгалаа.
Тухайлбал, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх агуулахад 6000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 4200-4500 тонныг бэлтгэсэн байгаа ажээ. Үүний 1800 тонн махыг сертификатаар баталгаажуулан, харилцдаг банкнаасаа санхүүжилтээ өнөөдөр шийдүүлэхэд бэлэн болсон талаар тус компанийн мэргэжилтнүүд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нөөцийн мах бэлтгээд, түүнийг заавал сертификатаар баталгаажуулах ёстой бөгөөд сертификатаа бичсэний дараа банкнаас энэ хэмжээгээр санхүүжилтээ авч байх ажээ.
“Нөөцийн мах бэлтгэх ажиллагаанд ямар саад гарч байна вэ” гэсэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын асуултад “Баатарууд тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цэцэгмаа “Одоогоор мах бэлтгэл хэвийн үргэлжилж байна. Санхүүжилт ч асуудалгүй байгаа” гэж хариулсан юм.
Засгийн газраас энэ жил “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т 85 тэрбум төгрөг төсөвлөжээ.Сүүлийн үед анхаарлын төвд байгаа нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилт тасарсан асуудлын хувьд мах бэлтгэлийн компаниуд хэдий хэмжээгээр махаа бэлтгэнэ, түүгээрээ харилцдаг банкнаасаа санхүүжилтээ авах учир санхүүжилт тасарсан асуудал байхгүй гэж албаныхан тайлбарлалаа.
Ийнхүү Дархан, Эрдэнэт хотод бүрдүүлэх махыг 100 хувь бэлтгэж, 86 хувийг сертифтикатаар баталгаажуулсан байна.Нийслэлд 7382 тонн мах бүрдүүлэхээс одоогийн байдлаар 61.5 хувийг бэлтгэж, 60 хувийг нь сертификатаар баталгаажуулжээ. Нөөцийн махын үнийн хувьд өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдах бөгөөд арванхоёрдугаар сарын 25-наас худалдаанд гарах юм. Харин нөөцийн махыг аль цэгүүдээр худалдах нь одоогоор тодорхойгүй байна.