
Үнэхээр энэ хэдэн гишүүд үндсэн ажлаа хийлгүй хаагуур юу хийж гүйлдээд хуралдаа суухгүй байна вэ. Зарласан цагаасаа байнга хоцорч эхэлдэг, “хүүе хаая, хаана явна” гэж гишүүдээ урьж залж байж авчирдаг, байгаа гишүүд нь ийш тийш явчихаад ирье гэж гарч гүйдэг, “байгаа шүү санал бүрийг дэмжиж байгаа гээд бүртгэчих” гээд булттдаг, гадаадын айлчлалын бүрэлдэхүүнд багтахаар хөөрцөглөдөг, өвчтэй гээд хувийн ажлаа амжуулдаг, эсвэл зүгээр л тасалчихдаг ийм гишүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед нь сонгогчдынхоо өмнө юу ярьж байж гишүүн болсныг нь харуулмаар.
Арга ядсан З.Энхболд тасалдаг гишүүдийн нэрсийг зарлаж хамгийн хайртай “нэр төртэй” нь ярих гэсэн ч үр дүнгээ өгсөнгүй.
Хариуцлагагүй гишүүд нам ялалгүй байгаа ч яахын аргагүй олонхийг бүрдүүлж буйгаараа АН илүү хариуцлагатай байх учиртай. Энэ сул тал нь эрх баригчдын нэр хүндийг үнэндээ газарт унагаж, өрсөлдөгч хүчинд “хожмоо лавтай унагах барьц”-ийг нь ахиулсаар. Иймдээ ч сөрөг хүчнийх нь гишүүд дуугарах бүртээ ирцийн асуудлыг ярьж шүүмжилж байна.
Д.Дэмбэрэл “УИХ-ын гишүүд сургуулийн хүүхэд шиг товлосон цагтаа цуглаад хуралдаа ордоггүй л дээ. Яагаад гэвэл төрийн өөр бусад ажил ихтэй учраас тэгж таардаг. Гэхдээ өмнө нь УИХ-ын чуулган сайндаа 15-20 минут хоцорч эхэлдэг байж. Гэтэл одоо бүтэн цагаар хоцорч байна. Уг нь олонхи ирцээ бүрдүүлэх ёстой. Олонхийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхэн УИХ задгай байгаагийн жишээ. Мөн УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийж байгаа нь ирц хүрэхгүй байх нэг том шалтгаан. Өмнө нь УИХ-ын чуулганыг 10 цагаас эхлүүлдэг байсан. Эд нар их эртэч хүмүүс болох гээд 09.00 цагт эхлүүлдэг болсон боловч харамсалтай нь 10 цагаас эхлүүлдэгтэй адилхан л байна. Зарим үед бараг ч дор болсон”
Ц.Нямдорж “Уг нь ирц бүрдүүлэхэд олонхи, цөөнх ялгаагүй анхаарах ёстой. Гэхдээ ирц бүрдүүлэхэд шийдвэрлэх хариуцлагыг олонхи хүлээнэ. Гэвч олонхид энэ хариуцлагыг хүлээх чадвар дутагдаж байна. Олонхийн 40 гаруй хүнээс тал нь сайд болчихсон юм чинь яаж хурлынх нь ирц бүрдэх юм бэ. Энэ утгаараа парламентын ажил тааруу байгаа гэдэг дүгнэлттэй би санал нэг байгаа. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны ирц бас л хүрсэнгүй”