Тайландын бослого түр намжив

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Тайландын бослого түр намжив

Тайландад өнгөрсөн хэдэн өдрийн турш үргэлжилсэн Ерөнхий сайд Йинглак Шинаватрагийн Засгийн газрыг огцрохыг шаардсан бослого, үймээн түр намжжээ. Тайландчууд маргааш болох хааныхаа 86 насны төрсөн өдрийг хүндэтгэх үүднээс бослого үймээнээ түр зогсоогоод байгаа аж. Хэдийгээр сөрөг хүчний зарим өдөөн хатгагчид Бангкок хотын цагдаагийн удирдлагуудын байрыг тойрсон хэвээр байгаа боловч ард иргэд хааныхаа төрсөн өдөрт зориулан гудамж талбайгаа цэвэрлэж байгаа гэнэ. Дөнгөж өчигдрийг хүртэл үймээн самуун үргэлжилсээр байсан Тайландын нөхцөл байдал ер бусын тайван байгаа нь дэлхий нийтийг гайхшруулж байна. Тайландын цагдаа нар өчигдөр босогчдод түрүүлж буулт хийн, арагш нэг алхам хийснээр ард иргэд хааныхаа төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлэх сэхээ авчээ.

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет маргааш буюу 5-нд 86 нас хүрч байгаа аж.

Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-наас хойш болж буй Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, үймээний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагдаад байгаа юм. Тайландын ард иргэд Ерөнхий сайд Йинглак Шинаватраг 2006 онд төрийн эрхээс зайлуулагдсан ах Таксиныхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж байгаа аж. Харин Тайландын сөрөг хүчнийхэн ард иргэдийн хардлага дээр дөрөөлөн Йинглакийн санаачилсан өршөөлийн хуулиар далимдуулан түүнийг засгийн эрхээс буулгахаар санаархаж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж