Монголын рок попын ертөнцөд анхдагч нь байсан “Соёл эрдэнэ” хамтлаг 45 настай золгож байна. Хамтлагийн ойн баярт зориулж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Ойн баярын хүрээнд төсөл хэрэгжүүлэх бөгөөд төслийн хөтөлбөрт “Соёл эрдэнэ” нэртэй гудамж, хүндэтгэлийн самбар байршуулахаас эхлээд олон сонирхолтой арга хэмжээ багтжээ. Тэд 2015 онд нэгдсэн тоглолтоо хийх аж.
Орчин үеийн хөгжмийн урсгалын анхдагч гэгддэг “Соёл эрдэнэ”-ийн түүх 1967 оноос эхтэй. Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятгын ангийг төгссөн дөрвөн эрэгтэй анх “Соёл эрдэнэ” хамтлагийн суурийг тавьж байжээ. Анхны тоглолтоо 1971 онд хийж байсан тэд “Соёл эрдэнэ” чуулга нэртэй байгуулагдаж, нэлээд хожим “Соёл эрдэнэ” хамтлаг гэх болсон түүхтэй. Тэдний нэг онцлог нь үеэс үед үргэлж шинэ, залуу гишүүдээр цус сэлбэж байсан юм. Тиймдээ ч хагас зууны түүхтэй энэ хамтлагаас 10-аад гавьяат төржээ.
Э.ТЭКҮ