
алдарт “Большой” театрын уран сайхны удирдаач Сергей Филин өнгөрсөн
нэгдүгээр сард хүчлийн халдлагад өртсөнөөр тайзны ар дахь уран
бүтээлчдийн дундах тэмцэл, атаа жөтөө олонд ил болсон билээ. Нүүр рүү нь
хүчил цацсан хэргийн улмаас Сергей Филин нэг нүднийхээ харааг бараг
бүхэлд нь, нөгөөхийг нь 20 хувиар алдсан. Энэ хэргийн талаар ОХУ
төдийгүй дэлхий даяар шуугиж байсан бөгөөд сэжигнээр тус театрын
бүжигчин Павел Дмитриченко, Юрий Заруцкий болон өөр нэг хүний хамт
баривчлагдаад байсан юм. Тэгвэл Оросын шүүхээс өчигдөр /ХII.3/ Павел
Дмитриченко болон хамсаатан этгээдүүдийг хүчлийн халдлагад буруутай гэж
үзэн ял, шийтгэл оногдуулсан байна. Шүүхээс “Большой” театрын ирээдүйтэй
гоцлол балетчин гэгдэж байсан Павел Дмитриченког хэргийг зохион
байгуулсан гэж үзэн зургаан жил шоронд хорих ял оноожээ. Харин Сергей
Филиний нүүр рүү хүчил цацаж, хэргийг гардан үйлдсэн Юрий Заруцкийд 10
жил, түүний жолоочоор ажилласан Андрей Липатовт дөрвөн жил шоронд хорих
ял тус, тус оноосон аж. Түүнчлэн хүчлийн халдлагаас болж Сергей Филинд
учирсан хохиролыг барагдуулах үүднээс хэрэгтнүүдийг 3.5 сая рублиэр
торгожээ. Шүүгч Елена Максимова шүүх хурлын үеэр гэмт этгээдүүд Сергей
Филиний биед халдахаар хэдэн сарын өмнөөс төлөвлөж, тохирсон болохыг
онцолсон байна.
Удирдлагынхаа биед халдаж шоронгийн хаалга
татсан “Большой” театрын бүжигчид Сергей Филинийг уран сайхны удирдаач
болсонд атаархаж, түүнтэй байнга сөргөлддөг байснаас дээрх хэрэг үүдсэн
аж.
Б.АНХТУЯА