“Хүний
эрх бол таны эрх. Тэдгээрийг эзэмш, хамгаал, дэлгэрүүл. Түүнийг
ойлго, мөн шаард. Тэдгээрийг тэтгэ, баяжуул” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга асан Кофи Аннан хэлжээ.
Хүний
эрхийн талаар бичихийн тулд хүний эрхийг юу гэж ойлгодог вэ, ойлгох
хэмжээний боловсрол бидэнд байна уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Хүний
эрхийн боловсрол гэдэг өргөн хүрээг хамарсан ойлголт учир энэ удаа
хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хүний эрхийн боловсрол, нийгэмд үзүүлж буй
нөлөө ямар түвшинд байна вэ гэх асуултад хариулт хайлаа.
Хүний
эрхийн боловсролын хөтөлбөрийн гуравдугаар шатны зорилтот бүлэг гэж
тодорхойлогдсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний эзэд, сэтгүүлчдийн
хүний эрхийн талаарх боловсрол хандлага, мэдлэг, ёс зүй ямар байна вэ.
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс 2012 онд хийсэн судалгаагаар манай
улсад 126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт идэвхтэй
үйл ажиллагаа явуулж байна. Гурван сая хүрэхгүй хүнд ахадсан тоо.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо олон болохын хэрээр ёс зүйгүй, хүний
эрхэд халдсан мэдээлэл бэлтгэх нь нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, дуулиан
шуугиан бүхий нийгэмд сенсаац тарьсан мэдээллийн араас хөөцөлдөж эхлэв.
Энэ нь тухайн мэдээллий хэрэгслийн үзэгч, уншигч, сонсогчийн тоог
нэмэгдүүлдэг ч хэн нэгний эрхэд ноцтой халдах нь бий. Ийм жишээ захаас
аваад нэрлэнэ.
Хорь
гаруйхан настай залуу бүсгүй хүүхдээ хулгайд алдаж, Интерполоор эрэн
сурвалжлагдаж байгаа гэх мэдээлэл 2013 онд олон нийт, хэвлэлийнхний
анхаарлыг хамгийн их татсанд тооцогдох байх. Өнгөрөгч хоёрдугаар сарын
2-ны өдөр Интеполоор эрэн сурвалжлагдаж байна хэмээн хэвлэлээр
цоллуулсан эмэгтэй А “Өдрийн сонин”-ны байранд хэвлэлийн хурал зарлалаа.
Хурлын зорилго нь “Филлиппин улсад дөрвөн сартай охиноо хүүхдийнхээ
эцэг болох Чарльз Эдвард Эргэнд алдсан тул охиноо олоход туслаач, хэвлэл
мэдээллийнхэн хамтран ажиллаач” гэж дамжуулах байв. Түүний хувьд
хүүхдийнхээ эцэгтэй хаана хэрхэн танилцсан, ямар ажил эрхэлдэг,
хоорондын харилцаа нь ямар байсан зэрэг хувийн асуудлаа ярихыг хүсээгүй
юм. Харин сэтгүүлчид /тэдний дунд би өөрөө ч байсан/ хувийн асуудал руу
хэт өнгийж, “Нөхрийнхөө юу хийдгийг мэдэхгүй байж яагаад хүүхдийг нь
төрүүлсэн юм, ямар улсын иргэншилтэйг нь хэл, зургийг нь үзүүл” гэх
зэргээр хүнд байдалд оруулсан нь телевизүүдийн бичлэгт тод үлдсэн.
Хэвлэлийн хурлаас зугтах шахам гарсан түүнийг зураглаач, сэтгүүлчид
элдэн умгар өрөөний буланд шахчихсан байх дүрс бичлэг интернэтээр
хангалттай цацагдсан билээ. Харин тэр эмэгтэй хууль хяналтын
байгууллага, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисст хүртэл
хандсан байсан юм. Хэвлэл мэдээллийнхэн хэн нэгний гэм бурууг шүүх
эрхгүй. Мэдээллийг хүргэхдээ ч хувийн болоод сэтгүүлчийн ёс зүйг сахиж,
хүний эрхийг дээдлэх учиртай. Харамсалтай нь дээрх асуудалд хэвлэлийн
хурал хийсэн эмэгтэйн наад захын эрхэд халдсан юм. Үүний үр дүнд юу
болов. Мэдээ бүрийн дор уншигчдийн элдвээр дайрч, доромжилсон уртаас
урт сэтгэгдэл. Нэг ёсондоо Монгол орон даяар “Хүүхдээ зарсан худалч
хүүхэн” мэтээр зарлачихсан учраас олон нийт ч тийм л өнгөөр хүлээн авсан
хэрэг. Буруутай, буруугүйг бид мэдэхгүй ч үрээсээ хагацсан эх хүн,
Монгол Улсын иргэн гэдэг үүднээс бага ч болов хүнлэг хандах нь ёс зүйд
нийцэх байж. Тэрбээр өнөөдрийг хүртэл охинтойгоо уулзаагүй, гудамжинд ч
тайван алхаж зүрхлэхгүй, бусдын нүднээс дальдчилж яваа.
Гэмт
хэргийн чанартай мэдээлэл бэлтгэхдээ тухайн иргэнийг шүүхээр гэм буруу
нь тогтоогдоогүй байхад залилагч, алуурчин, дээрэмчин мэтээр бичих
тохиолдол энүүхэнд. Хамгийн сүүлд гэхэд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн-ийн
амь насыг хөнөөсөн хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
шүүхээр шийдвэрлэж, Монгол Улсын иргэн 23 настай эмэгтэй Б-д 23 жилийн
хорих ял оноосон. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл буюу 2011
оны нэгдүгээр сард хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэх үеэс
сэжигтнээр татагдсан Б бүсгүйг гадаад иргэний аминд хүрсэн алуурчин гэж
ярьж, бичиж эхэлсэн юм. Бүхэл бүтэн хоёр жил гаруйн хугацаанд хэрэг нь
хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан гэхээр эргэлзээтэй,
нягталж шалгах зүйл олон байжээ гэсэн үг. Харин энэ хугацаанд “алуурчин”
гэдгээр тэр олон нийтэд хэдийн танил болчихсон. Хэдийгээр анхан шатны
шүүхээс гэм буруутай гэж үзсэн ч түүний аав, төрсөн ах нь хэвлэл
мэдээлэлд “Хууль хяналтын байгууллага хангалтгүй ажилласан, хэргийн гол
эздийг шалгаж чадсангүй. Бусдын өмнөөс хэрэг хүлээлээ” гэх зэргээр байр
сууриа илэрхийлж байна. Мөн хоёр жилийн турш хэвлэл мэдээллээр гарсан
үндэслэлгүй, баталгаа нотолгоогүй мэдээлэл ч энэ бүхэнд нөлөөлсөн гэсэн
юм. Үнэхээр хэвлэлээр шуугин өндрөө авсан хэргийг хурдан шуурхай
шийдвэрлэх, өндөр ял оноосон тохиолдол цөөнгүй бий. Түүний ахын хэлснээр
“Эзэнгүй хэрэг үлдээхгүй тулд хэрэг тохчихсон” байх ч магадлалтай. Гол
нь хүний хувь заяатай холбогдох асуудлыг мэдээлэхдээ хүний эрхийн
мэдрэмжтэй ханддаг болмоор байна.
Төрсөн
эцэг нь таван настай хүүгээ хүйтэн мэсээр гэмтээсэн ноцтой хэрэг 2013
оны тавдугаар сард гарсныг уншигчид санаж байгаа байх. Аавынхаа
харгислалын талаар ярих хөөрхийлөлтэй хүүгийн бичлэгийг интернэтэд
байршуулсныг хэвлэл, мэдээллийнхэн шүүрэн авч, харгис эцгийг нэг
хэсэгтээ л “бөмбөгдсөн”. Үүний үр дүн ч гарч, хүүд туслах аян өрнөж, иж
бүрэн бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн сайхан мэдээ чих баясгав. Гэхдээ
мөн л хүүхдийн эрхийг санаатайгаар, бүдүүлгээр зөрчсөн. Хүүгийн ар гэрт
туслах нэрийдлээр “Лантуун дохио” ТББ, “Хамтын халуун сэтгэл залуусы
нэгдэл”, “Жигүүр гранд” групп хүүгийн зураг, нэр ус, аавдаа зодуулсан
тухайгаа ярьж буй бичлэгийг ашиглаж өөрсдийн байгууллагаа рекламдсан юм.
Дээр дурдсан бодит жишээ баримтууд хүний эрхийн зөрчлийг хэвлэл мэдээлэл хамгийн их гаргадгийг харуулж буй.
Нөгөө
талаас хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд хүний эрхийн боловсрол олгох
чиглэлээр мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ хойрго хэвээр
байна. Нийгэмд нөлөөлж чадах, хүний эрхийн зөрчлийг бууруулах, хүний
эрхийг хамгаалахыг хөхүүлэн дэмжихэд чухал үүрэгтэй сэтгүүлчдэдээ ийм
бололцоо олгох нь ховор. Өнөөдрийн байдлаар 17 их, дээд сургууль сэтгүүл
зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ олон оюутан сэтгүүлчийн
ёс зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зохицуулалт зэрэг хичээл үзэж
номын дуу сонсдог ч ажил дээр гараад л умартчихдаг харамсалтай. Хэвлэл
мэдээллийн байгууллагын эзэд ч Хүний эрхийн боловсролыг түгээн
дэлгэрүүлэхэд хүчин зүтгэхгүй юм гэхэд хориг саад болохгүй байж чадахгүй
нь. Наад захын жишээ. Саяхан ЛГБТ буюу ижил хүйстэн хүмүүсийн эрхийн
асуудлаар зарласан нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд оролцох гэсэн
сэтгүүлчдээ Монголын томоохон телевизийн /нэрийг нь нууцлав/ нэгдлийн
дарга нь “Нийгмийн шившиг болсон нөхдийг муу үлгэр үзүүлж байгааг
харуулсан нэвтрүүлэг хийвэл хий, үгүй бол цаг өгөхгүй” гээд хөдлөөгүй
бол “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдвээр нэвтрүүлэг хийх гэсэн
эрэгтэй сэтгүүлчийг "Чи тэгээд бэлгийн дарамтанд өртөөд байгаа хэрэг үү”
хэмээн дооглосон гэдэг. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагаас
МҮОНТ-д хүний эрхийн нэвтрүүлэг, тусгай хөтөлбөртэй болох саналыг хоёр
жилийн өмнө тавихад хүлээн авсан ч удалгүй зогссон байна. Татвар
төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн энэ телевизэд уран сайхны,
цэнгээнт, зугаацуулах нэвтрүүлэг хангалттай олон ч хүний эрхийн
чиглэлээр нэг ч нэвтрүүлэг байхгүй. Бусад хувийн, шинэ тутам
байгуулагдсан телевизийг энд яриад ч хэрэггүй биз. Үүний шалтгаан нь
ердөө л хүний эрхийн асуудал ашиггүй, мөнгөгүй салбар учраас
сонирхдоггүй юм байх. Нэг үгээр хэлэхэд энэ чиглэлээр сэтгүүлчээ
мэргэшүүлэх эрмэлзэл бага, сэтгүүлчид нь ойлголт мэдлэг дулимаг, хүний
эрхийн мэдрэмжгүй дарга, эзэд нь саад болсоор байгаа нь нууц биш.
Өнгөрөгч
есдүгээр сард болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 24 дүгээр хурлаас
Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн гуравдугаар шат буюу
2015-2019 онд зорилтот бүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн
мэргэжилтнүүд, сэтгүүлчид хэмээн тодорхойлсныг нийтлэлийн эхэнд дурдсан
билээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх,
ойлголт хандлагыг өөрчлөхөд хэвлэл мэдээлэл онцгой үүрэгтэй гэж үзжээ.
Монгол Улсын хувьд олон улсын хэм хэмжээ, стандартыг хүлээн зөвшөөрч,
хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгах, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох
зэргээр хүний эрхийг баталгаажуулахад анхаарал хандуулан ажиллаж буй.
Энэ үүднээс авч үзвэл, Монгол Улсын төрөөс хүний эрхийн боловсролыг
дэмжиж байна гэж харж болохоор. Гэвч дээр дурдсан төсөл хөтөлбөрүүд
нэгдмэл уялдаа холбоо, залгамж чанаргүй, богино хугацааны байсан нь үр
дүнд сөргөөр нөлөөлжээ. Нөгөө талаас хүний эрхийн боловсролыг албан
боловсролын системд оруулахаар хөтөлбөр хэрэгжүүлсэн ч бодит дэмжлэг
байхгүйгээс цогцоор хэрэгжиж чадаагүй гэж Хүний эрхийн төлөө ажиллагсад
дүгнэсэн байх юм.
Хүний
эрхийг хамгаалах нь хүн бүрт хамаатай асуудал боловч олон нийтийн
мэдээллийн хэрэгслийн оролцоо, санаачлагыг нэмэгдүүлмээр байна. Тэр
дундаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүний эрхийн үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх, сэтгүүлчдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх, хүний эрхийг хамгаалсан
дүрэм, ёс зүйн зарчимтай болж, түүнийгээ дагаж мөрдөх зэрэг алхам байж
болно. Түүнчлэн энэ чиглэлээр ажилладаг хүний эрхийн байгууллагуудын үйл
ажиллагааг сурталчилж, тэдний дуу хоолойг тасралтгүй хүргэх нь чухал
байна. Судлаач Ч.Алтангэрэлийн 2007 онд хийсэн “Монгол дахь хүний эрхийн
боловсрол ба соёлын хүчин зүйлсийн нөлөөлөл”-ийн судалгаагаар хүний
эрхийн талаарх мэдээллийг олж авдаг гол хамгийн гол эх сурвалжийг 64
хувь нь радио, телевиз, 37.8 хувь нь ном, сонин сэтгүүл, 12.7 хувь нь
боловсролын байгууллага, 18.8 хувь нь гэр бүлийн гишүүд хамт олноос
авдаг гэсэн бол хүний эрхийн боловсрол олгоход ямар арга хэлбэр оновчтой
вэ гэсэн асуултад 47.2 хувь нь буюу хамгийн өндөр нь олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр, 35.2 хувь нь албан боловсролоор, 10 хувь нь албан
бус боловсролоор гэж хариулжээ. Монгол дахь хүний эрхийн хэрэгжилтэд
сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдэд иргэд, албан тушаалтнуудыг хүний
эрхийн талаарх ойлгоц мэдлэг муу гэж олонх нь хариулсан байна. Энэ
судалгаа нь харьцангуй эрт хийсэн ч энэ байдал хэвлэл мэдээллийн
хэрэгслийн тоо өсөхийн хэрээр хэвээр хадгалагдаж байгаа юм.
Тэгэхээр хандлагыг өөрчлөгч, боловсрол түгээгчид нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид бид өөрсдөө…