МАХН-ын Сонгинохайрхан дүүрэг дэх Зуутын хорооны дарга нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд МАХН-ын Гүйцэтгэх товчоонд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. МАХН-ын удирдлага намын дүрмээ зөрчин, нийслэлийн Мянгатын хурлуудыг хийлгэж, дарга, дэд дарга сонгох түр журам гэгчийг 2013 оны аравдугаар сарын 24-ний өдрийн нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр дур мэдэн гаргаж, үүнийгээ Бага чуулган болон Гүйцэтгэх товчоогоор ч тогтоол гаргуулалгүй, дүүргүүдийн хурлыг хүчээр хийсэн. СХД-ийн Мянгатын зөвлөлөөс энэ асуудалтай холбогдуулж намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад санал хүргүүлж түр журмаар хуралдах ямар ч боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бичгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй аж.
Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж буй юм байна. Үүнд 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд хуралдсан СХД-ийн Мянгатын гишүүдийн хурлыг хүчингүй гэж үзэн Гүйцэтгэх товчооны тогтоол гаргах. Хуучин сонгуультай байсан Бага чуулганы гишүүдийн эрхийг сэргээсэн болон шинээр сонгогдсон гишүүдийг эргүүлэн татсан тухай Гүйцэтгэх товчооны тогтоол гаргах. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилласан нийт 176 ухуулагчдын урамшууллын 17.600.000 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт хандан тавьж буй аж.
Дээрх шаардлагын хариуг арванхоёрдугаар сарын 10-нд багтаан авна. Хэрэв заасан хугацаанд шаардлагыг шийдвэрлэхгүй бол улстөрийн тэмцэл өрнүүлэх юм байна.
Г.ДАРЬ