Хэвлэлийн бага хурлын үеэр Н.Энхболд “2012 оны Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмний сонголтыг үзэл бодол, нам, улс төрийн хүчнээр ялгаварлан хандсанаас бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад Дорнод, Хөвсгөл аймагт өнөө хэр нь Засаг даргыг томилоогүй, Дундговь аймагт Засаг даргыг томилсон ч орон нутаг дахь улстөржилт үргэлжилсээр, ИТХ нь хоёр талцаж, маргалдсаар байна. Говь-Алтай аймгийн хувьд АН-ын удирдлагын зүгээс ЗГХЭГ-ын дарга нараар дамжуулан шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, улстөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгосноос өнөөдөр 2008-2012 онд ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ хуралдаж, ирэх оны төсөв хэлэлцэж байх жишээтэй. Энэ мэт замбараагүй, холион бантан болсон асуудлуудыг нэн даруй шийдэхгүй бол орон нутагт засаглалын хомсдол нүүрлэж, тухайн орон нутаг хөгжих, ард түмнийх нь амьдрал сайжирч, тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болж байна” гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ, АН улстөрийн зохион байгуулалттайгаар хууль зөрчиж, Засгийн эрхийг авах, МАН-ын бүлгийн эсрэг ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Тиймээс энэ байдлаа таслан зогсоох ёстой гэв.
2012 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн МАХН-ыг сонгуульд оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх гомдлыг тус аймгийн МАХН-ын хорооноос 2013 оны нэгдүгээр сарын 22-нд аймгийн захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. Шүүхийн байгууллагаас энэ асуудлыг шийдвэрлэж, дахин сонгууль зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-т ханджээ. Гэвч энэ хоёр эрх бүхий байгууллагаас хоёр өөр шийдвэр гарсан нь асуудал үүсгээд байгаа аж. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг "Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе" гэсэн агуулга бүхий албан тоот илгээжээ. Тодруулбал, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг дахин сэргээж, шийдвэр гаргах ёстой гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл өгсөн байна. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэгтэй 2013 оны арваннэгдүгээр сарын 29-нд үйлдсэн албан тоотод ".. танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу" гэсэн байна. Тиймээс 2012 оноос өмнөх ИТХ, хойш сонгогдсон хүчин төгөлдөр мандаттай 18 гишүүн шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа учраас Говь-Алтай аймагт ойлгомжгүй байдал үүсээд байгаа хэмээн МАН-ын зүгээс мэдээллээ.
Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийг энэ сарын 02-ны өдрийн 14.00 цагт аймгийн МАН-ын хорооны даргын өрөөнд хуралдаж байхад нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн комиссар З.Баасанням, н.Шинэбаатар нар ирж саатуулан авч явсан байна. Түүнийг ажил хийгээгүй гурван хүнд сарын цалин илүү олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэлтэй байна. П.Мөнхтөрийг хойшлуулшгүй баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 72 цагийн хугацаагаар баривчилсан байна. Ерөнхий сайд Дорнодын Засаг даргын асуудлыг шийдэж өгөхгүй байгаа учир Дорнод аймгийн МАН-ын бүлэг П.Мөнхтөрийг нэр дэвшүүлэх тухай ярилцжээ. Гэвч түүнд улс төрийн шинжтэй хэрэг үүсгэлээ гэж үзэхээс өөр аргагүй байна гэдгийг МАН-ын бүлгийн зүгээс мэдээлсэн юм.
Өнгөрсөн оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН олонх болсон. ИТХ 35 төлөөлөгчтэй байх ёстойгоос нэг төлөөлөгч нас барсны улмаас нөхөн сонгууль явагдсан ч одоогоор тэрхүү сонгуулийн үр дүн баталгаажаагүй буюу ИТХ 34 төлөөлөгчтэй байна. Хэдийгээр МАН 19 төлөөлөгчтэй байсан ч хоёр төлөөлөгч АН-ын талд үйлчилснээс болоод 17, 17 харьцаатай болж, хурлын үйл ажиллагаа гацаанд оржээ. ИТХ-ын үйл ажиллагаанаас болж Засаг даргын асуудал шийдэгдэхгүй явсаар энэ оны хоёрдугаар сард С.Сүхбаатарыг Засаг даргаар томилсон. Түүнээс хойш цөөнх болсон аймагт АН-ын зүгээс байнга л Засаг даргыг огцруулах үйлдэл хийж байсан гэнэ. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд аймгийн ИТХ дахь АН, "Шударга ёс" эвслийн нэг, бие даагч хоёр хүний нийт 17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ. Уг хурал ирц хүрээгүй, хууль бус болсон тул хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Дундговь аймгийн ИТХ бүтэн ирцээр хуралдаж чадахгүй байгаагаас Засаг даргын мөрийн хөтөлбөрөө ч хэлэлцэж баталж чадахгүй, төсөв, үндсэн чиглэлээ ч ярьж чадахгүй байна гэдгийг МАН-ын бүлгээс мэдээллээ.
Энэхүү гурван аймгаас гадна Хөсвгөл аймагт мөн асуудал үүсээд буй. Орон нутгийн сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-ын 41 мандатаас Монгол Ардын Нам-23, Ардчилсан нам 18 суудал авсан. ИТХ-ын анхдугаар хуралдаан арваннэгдүгээр сарын 28-нд хуралдаж, аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг сонгож, батламжлуулахаар Ерөнхий сайдад уламжилсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Л.Ганболдыг томилохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. ИТХ гурван удаа Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурвууланд нь татгалзсан. Гурав дахь удаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаан нь хуулийн хугацаа хэтрүүлэн хуралдсан, хурал зарлахаас 15 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай байсан” гэсэн шалтгаанаар томилохоос татгалзав. Гэхдээ цаагуураа хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-т шалгагдаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаагүй учраас батламжлахаас татгалзсан гэх хуурамч мэдээлэл тараасан гэв. Тус аймгийн Засаг даргаар хэн сонгогдох нь тодорхойгүй бөгөөд мөн л маргаантай хэвээр байгаа ажээ.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газар хууль хүчний байгууллагыг ашиглаж, гар хөл болгодог байдал газар авч байна. Ард түмний хаан сонголтыг уландаа гишгэж, шүүх хяналтын байгууллагаар далайлган эрх барьж, олонхи болохыг санаархаж байгаа үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна” гэлээ. Цаашид Засгийн газар энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол МАН-ын зүгээс хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагуудад нь хандана гэдгээ мэдэгдсэн юм.