Эрдэнэтийн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж байна

Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг  “Арвин шар зам” хоршоо, “Хүчит арслан” ХХК зэрэг гурван компанийн  жолооч нар Зам тээврийн яамны гадна эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд 15 микро автобус явуулахыг шаардаж байгаа юм. Учир нь Зам тээврийн яамнаас Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон аймгуудын зорчин явагчдын ая тухыг хангах үүднээс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд зөвхөн том оврын автобус явуулах нь зүйтэй гэсэн бодлого чиглэлийг гаргасан аж. Ийнхүү 2013 оны нэгдүгээр сараас бага оврын автобус буюу микронуудыг хот хоорондын шугамд явуулахгүй гэсэн журам баталснаас энэ маргаан эхэлсэн байна.

“Арвин шар зам” хоршоонд нэгдсэн жолооч нар энэ журамд нийцүүлэн компанийн 13 жолооч нийлэн 485 сая төгрөгийн зээлийг “Хаан” банкнаас авч найман ширхэг том оврын  автобус худалдан авчээ. Тэдний хувьд ар гэр ахуй амьдралд хүнд байдалд орлоо, 485 сая төгрөгийн зээлийн хүүд сар бүр 1.5 сая төгрөгийг банкинд тушаах гэж зүдэрч байна гэх тайлбар хэлж байгаа юм. Тиймээс найман том оврын автобуснаас гадна 15 микро автобусыг шугаманд явуулахыг шаардаж байгаа аж.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатараас  зарим зүйлийг тодрууллаа.

-Эрдэнэтийн жолооч нар Зам тээврийн яамны гадна жагсч байна. Тэд ямар шаардлага тавьж  байгаа юм бэ?

-Яамнаас хот хоорондын тээвэрт микро автобусаар үйлчлэхээ зогсоогоод том оврын автобусаар үйлчил гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд долоо хоногийн долоон өдөр дөрвөн цагаар үйлчилгээ явуулах цаг өгсөн ч хүлээж аваагүй. “Энэ цагт явахгүй, бид алдагдалтай ажиллана” гэдэг зүйл хэлж байгаа.  Өнөөдрийн байдлаар Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд  нийслэлээс гурав, Эрдэнэнээс гурав, нийтдээ  зургаан компани үйлчилгээ үзүүлж  байна. Энэ чиглэлд он гарсаар 217 мянган хүн зорчсон гэдэг судалгаа гарсан. Энэ нь зорчигчдын тоо огт нэмэгдээгүй гэсэн үг. Зорчигчийн тоо нэмэгдээгүй байхад тээврийн хэрэгслийн тоог нэмж болохгүй.

-Жолооч нар сул зогсч, банкны хүүнд мөнгө төлж, амьдрал ахуй нь доройтлоо гэж байгаа. Тэд одоо үйлчилгээ эрхэлж байгаа юу?

-Хоршооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 29 суудлын машин, 15 микро автобус шугамд явж байна. Гол нь яамны зүгээс цаг гаргаж өгөхөөр энэ цагт явахгүй гэчихээд байгаа юм. Тэгээд  нийслэлийн гурван компанийн цагийг өг гэж шаардаж байгаа. Ер нь иймэрхүү аргаар жагсч цуглаж байгаад асуудлаа шийдүүлээд сурчихсан байна. Хоршоо учраас олон хүний эрх ашиг зөрчилдөөд, дотроо хэл амаа ололцохгүй байгаагаас ийм асуудал үүсч   байна.

-Зам тээврийн яаманд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй гэж мэдэгдээд байгаа  шүү дээ?

-Яаманд 22  бичиг ирсний долоо нь хариу шаардаагүй мэдээллийн чанартай байсан. Үлдсэн 15 бичигт цаг тухайд нь хариу өгсөн. Хэвлэлийн хурал хийхийн өмнөх өдөр өгсөн  нэг шаардлагад хариу өгөөгүй байсныг нэг ч удаа хариу өгөөгүй мэтээр ярьж байна лээ.

-Төрийн байгууллагынхан нийслэлийн компаниудаас хахууль авлаа, тэдэнд давуу эрх олгож байна гэсэн зүйл ярьж байна лээ?

-Холбогдох хууль журмынхаа хүрээнд ажиллаж байгаа. Хахууль авсан гэж үзэж байгаа бол шалгадаг газарт нь өгөх хэрэгтэй. Шалгуул гэхээр та нартай л ярина гэдэг. Өмнө нь хэл ам гаргаад өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулаад сурчихсан хүмүүс юм байна. Яамны зүгээс бодлогоо л барина.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж