Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Бид барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор авлига хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээнд тодорхой хэмжээнд ахиц гаргаж байна. Гэхдээ барилгын компаниуд албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны суурийг хөндөж, барилга барих ноцтой зөрчлүүд гаргасаар байна. Ирэх жилээс эдгээр зөрчлийг иргэдийнхээ тусламжтайгаар арилгана’’ гэлээ.
Өнгөрсөн 11 сард хотын удирдлагууд болон Мобиком корпораци хоорондын хийсэн уулзалтын үеэр зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг хянах, илрүүлэх техникийн шийдлийг олох хүсэлтийг Мобиком корпорацид тавьсан байна.
Энэ өдрийн хэлэлцүүлэг дээр Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нь дээрх хүсэлтийн хариу болох шийдэл бүхий апликейшн олсон гэдгээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ ‘‘Бидний мэдэхээр энэ төрлийн шийдлийг нэвтрүүлэх нь Улаанбаатар хотын захиргаанд анх удаагаа төдийгүй дэлхийд анх удаа иргэд ухаалаг гар утас ашиглан зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг таних боломжтой болох бөгөөд тун удахгүй энэ технологийг нэвтрүүлэх болсноо мэдэгдэхэд таатай байна’’ гэлээ.
Цаашид талууд энэхүү төслийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах бөгөөд гар утсанд суурилсан апликейшныг иргэдэд ямар хэлбэрээр нэвтрүүлэх, барилга байгууламжтай холбоотой асуудлууд дээр ямар дэвшил авчрах тухай НЗДТГ-аас иргэдэд албан ёсоор тун удахгүй танилцуулах юм байна.