Европт суралцаж, амьдарч буй монголчуудын волейболын аварга шалгаруулах анхны тэмцээн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бельгийн Херентал хотод амжилттай болж өндөрлөв.
Бельгийн монголчуудын холбооноос санаачлан, Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ-наас дэмжин зохион байгуулсан энэ тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Нидерланд, Чех, Франц, Швед улсад амьдарч буй монголчуудын эрэгтэй, эмэгтэй нийт 18 багийн 160 гаруй тамирчин, хэдэн арван хөгжөөн дэмжигч цуглаж оролцлоо.
Цаашид уламжлал болон зохиогдох энэ тэмцээнийг Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж нээж, нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцож, тамирчдад амжилт хүсэв.
Тэмцээний тэргүүн байрыг Бельгийн эрэгтэй, Шведийн эмэгтэй, 2 дугаар байрыг Чехийн эрэгтэй, Бельгийн эмэгтэй, 3 дугаар байрыг Шведийн эрэгтэй, Нидерландын эмэгтэй баг тус тус эзэллээ.
Европ дахь Монголчуудын 2014 оны волейболын аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг Австри улсад зохион байгуулахаар тогтлоо.