
Эхний тоглолт “Харцага” болон “Аравтууд” багийн хооронд өрнөж, 97:84 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөсөн юм. Лигийн эхний тоглолтод хожсон ч дараалан хоёр хожигдоод байсан “Харцага”-аас холбон тоглогч Г.Баттөр 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Б.Одбаяр 22 оноо, 13 самбар, П.Болортулга 19 оноо, 11 самбар, Б.Дорждамба 15 оноо, 5 удаа самбараас бөмбөг авчээ. “Аравтууд”-ын хувьд лигийн тэмцээн эхэлснээс хойш анхны ялагдлаа хүлээсэн нь энэ юм. Тус багаас Э.Цэвэлдорж дахин багаа тэргүүлж, 20 оноо авсан бол багийн ахлагч А.Од торгуулиас эргэн ирж, 16 оноо, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн “Аравтууд”-ын төвийн хослол болох Андре Уильямс 19 оноо, 17 самбар, Кори Бун 11 оноо, 18 удаа самбараас бөмбөг авчээ.
Өчигдрийн хоёр дахь тоглолт “Танан гарьд” болон “Гурван тамир” багийн хооронд болж, 107:101 харьцаатай “Гарьдууд”-ын ялалтаар өндөрлөсөн. Дөрвөн легионер тоглогч эгнээндээ элсүүлсэн тэд тоглолтын эхнээс илүүрхэж байсан юм.



















