Ерөнхий сайдынх нь сонгууль тусдаа болдог бөгөөд өнгөрөгч аравдугаар сард шинэ Ерөнхий сайдаа сонгосон гэсэн. Өмнөх болон одоогийн Ерөнхий сайд нь хоёулаа эмэгтэй. Бас хоёулаа ард түмэндээ нэр хүндтэй. Сонгууль дөхөөд ирэхээр ажил хаялт ихэсдэг гэж байгаа. Дургүйгээ хүрвэл өнөөдөр нь яриад маргааш нь ажил хаячихна. Саяхан болж өнгөрсөн Ерөнхий сайдын сонгуулийн өмнөхөн томоохон хэмжээний ажил хаялт болж, 400-500 хүн баригдсанаас 150 нь цаазаар авахуулах ял сонссон гэж дуулдана лээ. Улс төрийн уур амьсгал хэтэрхий тогтворгүй. Парламент нь манай сонгуулийн хуультай ижил тогтолцоогоор гишүүдээ сонгодог гэсэн үг. Энэ он гаруут ээлжит парламентын сонгууль нь болно. Таван жилийн хугацаатай сонгогддог. Сонгууль дөхсөн учир Дакка хотын гудамжинд жагсаал цуглаан өдөр бүр болох нь энүүхэнд. Жагсаж цуглахаараа нийтийн тээврийн автобусаа дэлбэлж, автобусууд руугаа чулуу нүүлгэчихдэг гаж хүмүүс гэнэ билээ. Автобуснууд нь ундааны лааз гишгээд буцаагаад тэнийлгэчихсэн аятай шамбийж шамшийсан юмнууд л холхино. Гэрэл дохио, хаалга цонх гээд байх юмгүй. Зам дээр хаана ч хамаагүй зогсоод л хүнээ буулгаж суулгаж харагдана. Жагсагчид чулуу нүүлгэвэл хаалга, цонхоор нь үсрэхэд бэлэн маягтай. Хотын гудамжинд суудлын тэрэг, жийп тэр бүр харагдахгүй. Японы “Тоёота Королла” гэдэг суудлын тэрэг голдуу байх. Гэхдээ цөөхөн. Хоёр, гурван дугуйтай мотоцикль, хүн тэрэгнээс их юм Даккад үгүй. Замын гэрлэн дохио тоотой хэдхэн байх боловч зүгээр билэгдлийн төдий. Автобус, машин, мотоцикль, хүн тэрэг нь холилдон “урсана”. Гэвч мөргөлдөж, шүргэлцэнэ гэж үгүй. Хэн нь хэнийгээ “сигналдаад” байгаа нь мэдэгдэхгүй бүгд дуут дохиогоо хангинуулаад л дайраад байна. Гурван дугуйт мотоциклийг нь одриша гэх бөгөөд газаар явдаг гэж байгаа. Ер нь ихэнх тээврийн хэрэгслүүд хийн түлшээр явдаг гэж байгаа. Гурван дугуйт, хүн тэрэгний “жолооч” нар нь хятадууд шиг илүү мөнгө авах гэж новшроод байхгүй. Яг тохирсон мөнгөө л авна. Илүүг өгвөл хариултыг нь өгөх жишээтэй.
Бангла хүмүүст шашин маш чухал. Шашинд нэвт шувт автсан орноор Египет шалгарсан байдаг бол Бангладеш улс хоёрдугаарт “давхисан” байдаг юм билээ. Хүн амын 99 хувь нь шашинд хэт автсан. Ислам, лалын шашинтнууд голлоно. Гэвч ислам шашинтнууд нь ажил хийдэггүй, залхуу байдаг нь тус улсын хувьд гол “проблем” болчихоод байгаа гэнэ билээ. Дакка хотод ажил эрхэлдэг хэдэн зуун мянган хүн Рамадан сарын дараа болдог Ураза Байрам нэртэй шашны баярыг төрөлх нутагтаа, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр яардаг. Энэ үеэр нийслэлд “халтуур” хийж амь амьдралаа залгуулдаг хүмүүс бүгд нутаг руугаа яардаг. Галт тэргэндээ тэр гэж танигдахын аргагүй болтол шавчихна. Яг л элсэн чихэр дээр цугларсан хар ялаа шиг.
Бангладеш газар тариалангийн орон. Энэ улсын нийт ажиллах хүчний 63 хувь нь газар тариаланд, 20 орчим хувь нь үйлдвэрт, 30 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллах бөгөөд иргэдийн 50 гаруй хувь нь өөрийн гэсэн эзэмшил газаргүй байдаг. Гол төлөв жут, тутарга, буудай, чихрийн нишингэ, цай, тамхины ургамал тариалдаг гэнэ билээ. Мөнгөний нэгж нь така бөгөөд одоогоор нэг ам.доллар 80 такатай тэнцэж байна.
Одоогоос яг нэг жилийн өмнө Дакка хотын хойд хэсгийн Савар дүүргийн нэгэн хувцасны үйлдвэрт гал гарч, 110 хүн эндсэн. Хожим нуранги дороос залуухан оёдолчид, ажилчдын цогцос олноороо гарсан байдаг. Үйлдвэрийн шатсан нуранги дороос гарсан залуу хосын тэврэлдсэн цогцос гарч цахим ертөнцөөр тарж байсан нь саяхан билээ. Хүмүүс тэрхүү зурганд “Сүүлчийн тэврэлт” хэмээн нэр өгсөн байж билээ. Дэлхийд хямдхан хувцас нийлүүлэлтээрээ Хятадтай өрсөлддөг улс бол Бангладеш. Тиймээс энэ улсад олон тооны оёдлын үйлдвэр ажиллаж байна. Хамгийн хямд ажиллах хүч учраас Англи, Америк, Испани, Герман зэрэг Европын өндөр хөгжилтэй орнууд брэнд хувцсаа “бангла” хүмүүсээр оёулдаг. Оёдлын үйлдвэрт ажиллагсдын дундаж цалин сарын 120 ам.доллар. Дэлхийд алдартай “Zara”, “H&M”, “Polo”, “Levis” брэндийн өмд цамц, фудволкыг тэд оёж дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Нутгийн оршин суугчид гол төлөв үндэсний сайрагаа өмсдөг учраас европ хувцсыг төдийлөн тоож авдаггүй гэсэн. Тэнд европ хувцас маш хямдхан. “Нарантуул” захад 20 мянган төгрөгөөс доошгүй үнэтэй “брэнд” гэх чанартай фудволкыг Даккагаас гурван ам.доллараар худалдаж авна. “H&M” брэндийн жинсэн өмд, шорт, жилет оёж, Европт гаргадаг гэх “Элегант” компанийн менежер Акрам Хосейн, Кумар Рой гэх хоёр залуугийн ярьснаар жийнсэн жилетийг 6.1 ам.доллараар, шортоо 3.5 ам.доллараар хойш нь гаргадаг гэнэ билээ. “Монголд зах зээл бий юу. Бараа нийлүүлэх боломж бололцоо хэр байгаа”-г наймаачин хүмүүсийн зангаар сонирхож байв. Газипур хотын оёдлын үйлдвэрт мөн л гал гарч 10 хүн нас барсан, өнгөрөгч дөрөвдүгээр сард бас нэг үйлдвэр нурж 1000 гаруй хүн дарагдсан гэнэ. Бангладеш улс Европ болон АНУ руу экспортолдог оёмол бүтээгдэхүүнээсээ жилд 20 тэрбум ам.долларын ашиг олдог бөгөөд ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг ажээ.
Дакка хотод өндөр байшин барилгууд олноор баригдаж байна. Харин ганц ч өргөгч цамхаг харагдахгүй, байхгүй. Дээд давхрууд руу зуурмаг, тоосгоо гараараа зөөнө. Гэхдээ эрчүүд бус эмэгтэйчүүд зөөдөг нь хачирхалтай. Барилгачин харчууд нь эмэгтэйчүүдийнхээ толгой дээр шуудайтай цементийн зуурмагийг тавьж өгөхөд эмэгтэйн хөл нь жаахан чичигнэж байгаад, тэнцвэрээ олж аваад л дээшээ мацна. Тоосгыг өөрсдөө толгой дээрээ гараа хүрэх хэмжээнд хүртэл өрж аваад л алхчихна. Барилгуудын гаднах цахилгааны утас нь аалзны тор шиг сүлжилдэх бөгөөд ямар нэгэн хамгаалалт байхгүй. Гал гарах эрсдэл маш өндөр. Ашиглалтад орох яагаа ч үгүй, хаалга цонх нь онгорхой 18-20 давхар барилгын 17 давхарт тансаг зэрэглэлийн ресторан ажиллаж байх нь хачирхалтай. Цахилгаан шат нь эрхбиш явж байна. Бангладеш үндэстний хоолны тэрхүү тансаг зэрэглэлийн ресторанд Даккагийн баячууд гэх гурван ч эрхэм гэр бүлийнхэнтэйгээ баяр тэмдэглэж байх.
Харин хүнсний бүтээгдэхүүн, мах, будааны үнэ Монголтой бараг адилхан. Нэг килограмм үхрийн мах таван ам.доллар. Үндэсний хоол нь карри, халуун ногоо ихтэй ч идэхэд амттай, шингэц сайтай юм билээ. Жимс жимсгэнэ нь ч амт чанар сайтай. Цагаан будаа тариалдаг ч 160 сая хүний хаана нь ч хүрэлцдэггүй учраас Вьетнамаас импортоор авдаг. Бангладешчууд Азийн бусад орнуудтай адилхан шинэ жилийг хоёр удаа тэмдэглэнэ.
Бангладеш бол авлига гаарсан орон гэдгийг уулзсан хүн болгон хэлнэ. Аль ч албан байгууллагын ажилчид нь хүнд суртал гаргахдаа мэргэшсэн. Олон сая хүнийг тэжээх арга ч гэх юм уу, энд таван хүн нэг хүний ажил хийнэ. Зочид буудлын үүдэнд ирж зогссон машины хаалгыг нэг нь онгойлгож, нөгөө нь буудлын хаалгыг онгойлгож, бас нэг нь орохыг урьж, хоёр гараа сунгахад бас нэг нь цахилгаан шатны товчлуур дарж өгч, дахиад нэг хүн цахилгаан шатаар зочинтой хамт өгсөх жишээтэй. Даккад таван одтой зочид буудал гурав байдгийн нэг нь бидний буудалласан “Сарина” зочид буудал. Үйлчилгээ нь шуурхай, үйлчлэгчид нь эелдэг юм билээ. Ширээ сандал, тоног төхөөрөмж нь 1980-аад оны Монголыг санагдуулам. Соц орнуудад хэрэглэгдэж байсан мебель, модон ширээ сандал дүүрэн байх жишээтэй.
Бангладеш улс, Дакка хотод архи, согтууруулах ундааны зүйл нүдний гэм. Тийм учраас архи уусан, согтуурсан хүн өдрийн од шиг. Лалын шашинтай улс учраас архи, шар айргийг бүрэн хориглодог. Тансаг зэрэглэлийн ресторанд архи байх ч нэг шил архи 280 ам.долларын үнэтэй. Ресторан, зоогийн газрын “тек” дээр хоосон хундаганууд л өрөөстэй. Хаа очиж цэвэр ус, ундны ус нь маш цэвэрхэн. Бангладешт яг одоо +25 градусын халуун байгаа. Сэрүүний улирал эхэлсэн ч бүгчим халуун хэвээрээ. Зуны ид халуунд ихэнхдээ +40 градус хүрч халах нь хэвийн үзэгдэл. Хотын төв гудамжаар ганц нэг ямаа хог түүж идсэн шигээ явна. Хөгшин залуу, хүүхдүүд амандаа юм бувтнан гуйлга гуйн дагах. Хүний нутгийн гуйлгачинд ганц “копейк” ч өгөх муу байдаг юм гэнэ билээ. Гүрийчихлээ. Онгоцны буудал, онцгой газруудын үүдэнд буутай цагдаа зогсох нь байдаг л зүйл. Хааяа хотын гудамжаар өвч зэвсэглэсэн тусгайгийн цагдаа нар машинтай дохиогоо хангинуулан өнгөрөх нь цаанаа л айдас төрүүлнэ.
Бангладешийн ард түмэн байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан улс юм болов уу гэж анзаарагдсан. Танилцсан хоёр бангла залууд 1000-тын монгол мөнгөн дэвсгэрт дурсгая гэсэн чинь “1000” гэсэн тоог нь харчихаад бараг л ухаан алдаж унав. Тэднийхээр 1000 така гэдэг маш их мөнгө болохоор “аймаар их мөнгө” санагдсан байх. Хар захын наймаачид нь америк доллараар наймаа хийх нь бүү хэл харж байгаагүй, барьж үзээгүй болов уу гэмээр. Доллараар худалдаа хийх үү гэвэл шууд л “Үгүй” гэнэ. Бангладеш хүн амын тоогоороо дэлхийд эхний долоод бичигддэг ч гэлээ Хятад шиг нэг хүүхдийн бодлого, энэ тэр байхгүй. Гэхдээ амьжиргааны төвшин, амьдралын шаардлагаар ихэнх бангладеш гэр бүл гурван хүүхэдтэй юм байна. Бангла хүмүүс уур уцаар багатай, дөлгөөн. Дээр нь архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хулгай зэлгий бүр ч хийхгүй. Үүгээрээ Монголоос ялгаатай. Яг одоо тэнд ганцхан монгол бий. Тэр нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Н.Нарантуяа гэгч эмэгтэй. Эгэл даруухан тэр эмэгтэй тэнд таван жилийн гэрээгээр очсон, ирэх жил хугацаа нь дуусна гэж байсан. Хөгжиж буй, ардчилсан орон нэртэй ч гар утас, машин тансаг хэрэглээнд нь тооцогддог гэхээр би, бид Монголд төрснөөрөө л бахархах ёстой юм билээ шүү.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин