Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Үл саарах &#34Хурд&#34

Бөмбөрний нүргээн, үзэгчдийн хашхирах дуун заал дүүрэн нүргэлсээр. “Хурд”-ын үзэгчид бэлэн болжээ. Тэд ч бэлэн, бид ч бэлэн… Тайзан дээр цэрэг шинельтэй Цогоо гарч ирлээ. Үзэгчид өөрийн мэдэлгүй сандлаасаа ховх татагдан, хорин жилийн өмнөх рүү “Хурд”-тай хамт нислээ.

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ….

Заал дүүрэн хүн хорин жилийн тэртээх өдрүүдийг бие биедээ сануулан, хайрлалцан, хамтдаа дуулж, өнөөдрөөс тасрах мэт санагдав. Бүгд чин үнэнээсээ хөөрч, сэтгэлийн цэнгэл эдэлж байлаа. Нэгэн зэрэг ийм халуун, ийм доргио, тийм галзуу сэтгэлийн хүч, хөөрөл авсан тоглолт ойрд болоогүй санагдав. Тоглолт эхэлсэн ч “Хурд” үзэгчид тасрахгүй байлаа. Зохион байгуулагчид нэмж сандал өрж, зорьж ирсэн үзэгчдийг суулгасан ч хана дагаад дахиад л баахан хүмүүс зогсоогоороо үзэв.

“Цэргийн бодол” дуу эгшиглэсний дараа тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “Чоно” дуу үзэгчдийг амсхийлгэлгүй доргиов. Харин “Эх орон” дуугаа дуулахад нь нэг ч хүн суудалдаа үлдэлгүй, хүндэтгэл илэрхийлэн босч дуулна лээ. “Хурд”-ыг бүх насныхан сонсдог юм байна. Гэхдээ тэдний дунд хөгшин, залуу гэсэн ямар ч ялгаа харагдсангүй. Бүгд л нэгэн сэтгэлээр, нэгэн сонирхлоор хайртай хамтлагийнхаа дуу бүрийг хамт дуулан, доргилоо.

Чингэсээр тоглолтын дунд хэсэгт “Хурд” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулан гаргасан “Алтан пянз”-ны дуудлага худалдаа болов. Найман дуутай “Алтан пянз”-ыг хамтлагийн гоцлол дуучин Цогоогийн найз таван сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тэрээр багын найздаа мөн энэ өдөр 10 сая төгрөгийг уран бүтээлд нь хандив болгон өгч буйгаа зарлан, бэлэглэнэ лээ. Энэ пянз нь Монголын хамгийн анхны алтан пянз гэдгийг сануулах юун.

Нэг мэдэхэд, хоёр цаг…. гурван цаг, бүр дөрвөн цаг өнгөрсөн байлаа. “Хурд”-тай хамт байсан богинохон хугацаа чин сэтгэлээсээ мэдэрсэн сэтгэлийн таашаал байлаа. Сүүлд ямар тоглолтууд үзсэнээ бодоод голох ч шиг. Улам илүү “Хурд”-аар бахархах шиг сэтгэгдэл төрөв. Маш товчхоноор бол арангатай, аархуу “Хурд” энэ удаа хөөс нь ихдэж байгаа урлагийн урсгалд маш том сануулга өглөө.  Яаж тоглодгийг, яаж дуулдгийг, яаж хөдөлмөрлөдгийг, яаж  20 жил урлагийн тайзан дээр бат бөх амьдардгийг “Хурд” хамтлаг харууллаа. 

Хорин жилийн өмнөх шигээ цэл залуу биш ч хорин жил эрч хүчээ
хадгалсан “Хурд” үнэхээр гайхалтай байлаа. Хүчтэй байлаа. Агуу байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү


Э.ТЭМЛҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж