УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн баасан гарагт өөрийг нь Тагнуулын ерөнхий газрын машин өдөржин дагаж тагнасан талаар твиттерээр мэдээлсэн. Эрхэм гишүүн өчигдөр энэ талаар “ТЕГ-ын УБЦ 08-26 дугаартай автомашин намайг өдөржин дагасан. Надад үүнийг нотлох гэрэл зураг байгаа. Тухайн үед баримтжуулж авсан. ТЕГ-ынхан гэмт хэрэгт холбогдсон бол түүнийг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажлын хүрээнд дагаж чагнах ёстой. Гэтэл намайг гэмт хэрэгт холбогдоогүй байхад прокурорын зөвшөөрөлгүйгээр дагасан. Энэ бол хууль бус үйлдэл” гэсэн тайлбар өгсөн байсан юм. Түүний хэлж буйгаар УИХ-ын гишүүдийг дагадаг, дээрээс нь жирийн иргэдийг тагнадаг, утсыг нь чагнадаг байдал газар авч буй аж. Тиймээс ч өөрийг нь дагасан асуудлаар УИХ-ын Хяналтын дэд хороо, Тагнуулын ерөнхий газар болон Ерөнхий сайдад хандаад байгаа аж. Мөн эрхэм гишүүн өөрт тохиолдсон энэ үйл явдалтай холбоотойгоор Гүйцэтгэх албаны тухай хуулийг шинэчлэх асуудлыг өөрийн ажлын төлөвлөгөөнд оруулаад байгаа юм байна. Мөн ТЕГ-ынхан учир битүүлгээр дагасан нь оффшор данстай холбоотой хуулийн төсөл санаачилж, УИХ-аар дэмжүүлсэнтэй холбоотой байж болохыг үгүйсгээгүй. Тодруулбал, энэ талаар “Оффшор дансанд Монголын маш их баялаг байгаа нь нэгэнт тодорхой болсон. Монголоос Азийн төдийгүй дэлхийн баячууд тодорч байна. Манай улс төрийн хүрээнээс дэлхийн баячууд тодорч байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлж байна. Оффшор бүсэд өөрийн нэрээр данс нээсэн Монголын улстөрчид ч бий. Оффшорт данс нээдэг, компани байгуулдаг, банк бус санхүүгийн байгууллагаас нууц үйлчилгээ авдаг байдал газар авсан. Тиймээс энэ үйлдлүүдийг таслан зогсоохоор хууль санаачлаад ажиллаж байна” гэжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин