Уг хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаад түгжрэлд хэсэг зогсвол, аль эсвэл дэлгүүр, сургууль цэцэрлэгийн гадаа хүн хүлээгээд гурван минутаас дээш хугацаанд зогсохоор болбол манайхан шиг машин хүйтэн байна гээд асаалттай чигээр нь зогсоод байж болохгүй юм байна. Хятадууд утаатай ингэж тэмцэж байхад манайхан замын түгжрэлд орсон ч, дэлгүүрийн гадаа зогссон ч машинаа унтраахгүй утаа савсуулаад, гэрлийг нь анивчуулаад зогсоод байгааг хараад чамлах сэтгэл төрөөд болж өгдөггүй. Тэгээд бодож бодож нийслэлд утаанаас гадна автомашины түгжрэл их байгааг хятадуудын жишээгээр зохицуулж болох юм байна гэсэн зөвлөгөөг нийслэлчүүдэд өгөхөөр шийдсэн юм. Мэдээж бид хятадуудын санааг байгаа чигээр нь ашиглах биш цааш нь сайжруулаад явах хэрэгтэй. Тухайлбал, машинууд зам дээр түгжрээд эхэлбэл замын цагдаа ирээд бүгдийнх нь хөдөлгүүрийг унтраахыг сануулна. Дараа нь жолооч нарыг машинаасаа буугаад ажил, гэр, зорьсон газар руугаа явган явахыг үүрэг болгох ёстой. Ингэхээсээ өмнө түгжрэл үүсгэж байгаа жолооч нарыг энэ мэтээр шийтгэсэн ч багадна гэдгийг сайн ойлгуулсан байх хэрэгтэй. Ингээд нийслэлийн аль нэг хэсэг замын хөдөлгөөн тэр чигээрээ зогсчихвол хэсэг хугацааны дараа Улаанбаатар даяар түгжрэлд орж, жолооч нар бүгд машинаа орхихоос өөр аргагүй болно. Энэ арга хэмжээг авснаар Улаанбаатарт нэг ч машин явахгүй болж нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувиар буурах сайхан дүр зураг харагдаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа эрхмүүд хүсвэл өөр хатуу арга хэмжээний талаар бодож олоход ч бэлэн байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин