УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх байсан ч тус төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс мэдээлэл сонсох байсан ч чадаагүй. Тиймээс чухал хуулийн төслийг бүлгээр заавал хэлэлцэх шаардлага байгаа тул хойшлуулах хүсэлтэй байна” гэж УИХ-ын гишүүн Л.Цог санал гаргасан юм. Уг саналтай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд эрх ашиг нэгдэж буйгаа мөн хэлэв. Тус бүлэг мөн дээрх хуулийн төслийг бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай байсан ч төсөл дээр ажилласан Д.Лүндээжанцан гишүүн орон нутагт ажиллаж байсан тул холбогдох мэдээллийг авч чадаагүй аж. Тиймээс цөөнхийн бүлэг Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай юм байна. Саналуудыг байнгын хорооны дарга хүлээн авснаар төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Үүний дараа Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Түүнчлэн уг байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын зүгээс санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүн хуралдаанд ирээгүй тул хойшлуулав. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүд ирээгүй тул хуралдаан хойшилж байсан билээ.
Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.