УИХ-ын гишүүн Г.Уянга түрээсийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Түүнтэй энэ талаар цөөн хором ярилцлаа.
-Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын явц ямар байна вэ?
-Манай улсад түрээстэй холбоотой эдийн засгийн судалгаа бараг байдаггүй юм байна. Түрээсийн бизнес нийт бизнесийн хэчнээн хувийг эзэлж байна вэ, зах зээл, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, иргэдийн өдөр тутмын амьдралд түрээс ямар нөлөө үзүүлж байгаа гэх мэт маш олон асуулт хариултгүй байгаа. Тиймээс би энэ асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд судалгаа хийлгэхээр захиалга өгчихсөн байгаа. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран хуулийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Саяхан Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбооноос түрээслэгчдийн дунд судалгаа явуулсан. Энэ мэтчилэн олон судалгаа бэлэн болсны дараа хуулийн төсөл боловсруулах ажлыг ул суурьтай хийх ёстой учраас хугацаа шаардаж байгаа. Үнэндээ судалгааны ажил нэлээд удаашрах шинжтэй байна.
-Судалгааны ажил хэдийгээр дуусах төлөвтэй байна вэ?
-Яг тодорхой хугацаа заах боломж одоогийн байдлаар алга. Ямар ч байсан оны өмнө дуусгахаар шахаж байна.
-Орон сууцны түрээсээр мөнгө хийдэг бизнес дэлгэрч байна. Түрээсийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгаж байгаа вэ?
-Түрээсийн тухай ярихад орон сууцны түрээсийн асуудал давхар хөндөгдөнө. Өнөөдөр орон сууцны үнэ нэмэгдэхэд түрээс нөлөөлж байна. Түрээслэгчдийн холбооноос шинээр ашиглалтад орж байгаа гурван орон сууцанд судалгаа хийж үзэхэд 60 хувийг нь түрээс эзэлж байна. Тиймээс энэ талаар судалгаа хийх хэрэгтэй байгаа. Ер нь нийслэл даяар ашиглалтад орж байгаа орон сууцны нэлээд хэсгийг нь түрээсийн зориулалтаар ашиглаж байгаа нь нууц биш юм. Орон сууны эрэлт их байгаа үед түрээс үнэд яах аргагүй нөлөөлж байна.
-Нэг хүн маш олон орон сууц худалдаж аваад өндөр үнээр түрээсэлдэг энэ байдлыг яаж өөрчлөх вэ?
-Манай улсын хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдарч байгаа учраас орон сууцжуулах шаардлагатай байгаа. Гэтэл үүнд орон сууц түрээслүүлэгчид сөргөөр нөлөөлж байна. Зарим оронд бол орон сууцны түрээсийг хориглож байсан жишиг байдаг юм билээ. Бид ч гэсэн ийм арга хэмжээ авах ёстой байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ эхлээд зах зээлийн судалгаагаа сайн хийх ёстой. Шинээр ашиглалтад орсон гурван байранд судалгаа хийхэд 60 хувийг нь түрээсэлж байна гэдэг нь яавч эрүүл тогтолцоо биш. Бид үүнийг засч сайжруулах ёстой. Үүний өмнө одоогийн нөхцлөө ил болгоод ийм байдалд ямар хууль боловсруулах вэ гэдгээ тогтох нь чухал байгаа юм. Тиймээс судалгаанд нэлээд цаг гаргаж, нухацтай хандах шаардлагатай байна.
-Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулахад гадныхны туршлагыг хэр судалж байна вэ?
-Гадны орнуудад шинээр ашиглалтад орсон орон сууцыг бүхэл бүтэн нэг орцоор нь худалдаж авдаг жишиг одоо байхгүй. Ийм зүйлийг бүр эрт зохицуулчихсан. Гадны орнуудад нэг хүн нэгээс илүү орон сууц эзэмшиж болохгүй гэх мэт хуулийн зохицуулалтаар ийм асуудлыг шийдвэрлэсэн байдаг юм билээ. Манай орны нөхцөлд ийм боломж одоогоор бага байна. Түрээсийг бизнес гэж үзээд зөнгөөр нь орхидог байдлыг одоо зохицуулах хэрэгтэй.
-Түрээсийн бизнест татвар ногдуулдаггүй. Хуулийн төсөлд татварын орчныг хэрхэн зохицуулах вэ?
-Мэдээж хэрэг энэ асуудлыг татвараар зохицуулна. Тухайлбал нэг хүн хоёр, гурван орон сууцтай байж болох ч тав, арван орон сууцтай, хаа сайгүй үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байвал татварыг нь нэмэгдүүлэх зохицуулалтыг хийнэ. Ер нь татварын зохицуулалт хамгийн том шийдэл юм. Манайх шиг замбараагүй өндөр түрээсийн үнэ хэлээд сууж байдаг түрээслүүлэгчид хаана ч байхгүй. Зах, худалдааны төв, оффис гээд ямар ч зориулалтаар түрээслүүлсэн бай хуулийн зохицуулалт шаардлагатай. Жишээлбэл тухайн түрээсэлж буй байшингийн хийц, халуун, хүйтэн, бохир усны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, галын аюулгүй байдлын нөхцөл гээд бүгдийг нь түрээслэгчиддээ түрээсийн гэрээний хамт өгдөг юм билээ. Өнөөдөр манайд энэ асуудлыг зөвхөн түрээслүүлэгчдийн тулгалтаар л шийдвэрлэж байна. Гэтэл түрээслэгч, түрээслүүлэгчдийн хоёр талын эрх ашигт тулгуурлаж түрээсийн гэрээ баталгааждаг. Гэхдээ гадны аль ч орон манайх шиг ийм үеийг туулсан л байгаа. Бид ч гэсэн бусдын туршлагыг судлаад энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.
-Түрээсийн хуулийн төслийг энэ намрын чуулганаар амжиж УИХ-д өргөн барих уу?
-Олон талын судалгаа хийх шаардлагатай байгаа учраас хуулийн төсөл хэзээ бэлэн болохыг яг таг хэлэх боломжгүй байна. Ямартай ч ирэх онд энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байх.
-Хуулийн төсөл боловсруулах явцад түрээслүүлэгчдээс шахалт ирж байна уу?
-Одоогийн байдлаар энэ хуулийн төсөлтэй холбоотой гомдол санал түлхүү ирж байна. Харин УИХ-аар энэ хуулийн төслийг хэлэлцэх үед л дарамт шахалт ирж магадгүй. Энэ хууль батлагдвал түрээсээр мөнгө хүүлдэг маш олон хүний эрх ашгийг хөндөнө. Гэхдээ түрээсийн зөв зохицуулалтыг нийгмийн олонхи хүсч байгаа. Тийм болохоор энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх байх. Ингээд өнөөгийн байгаа төвшнөөс хавьгүй дээр нөхцөл байдлыг бүрдүүлэх хууль батлагдах байх гэж найдаж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин