Чинаватра: Огцруулах гээд байгааг ойлгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Чинаватра: Огцруулах гээд байгааг ойлгохгүй байна

Инглак Чинаватра: Намайг ямар үндэслэлээр огцруулах гээд байгааг сайн ойлгохгүй байна

Тайланд улсад Засгийн газрыг Ерөнхий сайдтай нь огцруулах эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Ерөнхий сайд өөрийн төрсөн ах Таксин Чинаватраг өршөөлийн хуульд хамруулсантай холбогдуулан эхэлсэн жагсаал өнөөдөр Засгийн газрыг, цаашлаад эрх баригчдыг огцрохыг шаардсан иргэдийн эсэргүүцэл болон хүчээ авсаар хяналтаас гарах шахжээ. Харин Ерөнхий сайд Инглак Чинаватра CNN агентлагийн “Ерөнхий сайдаас асуух таван асуулт”-д хариулт өгсөн байна.

-Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол нийгэмд аюултай байдал үүсэх нь тодор­хой болоод байна. Та эсэргүү­цэгч­дийн хүсэлтийг хүлээж авах боломжтой юу?

-Манай улсад болж буй эсэр­гүүцлийн жагсаалыг яаралтай дуусгах хэрэгтэй байна. Гэхдээ ард түмний шийдвэрийг хүндэт­гэн, хүний эрхийг зөрчихгүй, асуудлыг тайван замаар шийдэх хэрэг­тэй байна. Харин намайг ямар үн­дэслэлээр огцруулах гээд бай­гааг би одоо ч сайн ойлгохгүй бай­гаа. Хууль зөрчсөн үндэслэл байх юм бол би ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

-Өдөр нь жагсаал хийдэг байсан бол шөнө нь дээрэм тонуул хийж байгаа иргэд ол­ширсон талаар эх сур­вал­жууд мэдээлсэн. Хүчнийхэн энэ тал дээр хангалттай ажил­лаж бай­гаа гэж та үзэж байна уу?

-Тайланд улсад жагсаал цуг­лааныг хийхдээ иргэд үргэлж ухаалаг байсаар ирсэн. Шөнө оройн цагаар хууль зөрчин, бус­дын эд хөрөнгөд халдаж байгаа хүмүүсийг баривчлах, цаашлаад арга хэмжээг нь авах бол хуулийн дагуу хийгдэж байгаа ажиллагаа. Цагдаа цэргийнхэн нийлсэн эр­гүүл иргэдийн аюулгүй байдлыг ханагхын тулд хангалттай сайн ажиллаж байгаа гэж дүгнэж бай­гаа. Учир нь хүний амь нас чу­хал гэдгийг бүгд мэдэж байгаа.

-Та ахыгаа өршөөлийн хуульд хамруулсан. Иргэдээс санал авч, Таксиныг өршөөлийн хуульд хамруулах эсэхийг шийдэх нь зөв үү?

-Шаардлагатай тохиолдолд са­нал асуулгыг явуулах нь зүйтэй гэж би бодож байна. Учир нь иргэд биднийг сонгосон дээд сонголт шүү дээ. Төр засгийг чиглүүлэн яваа албан хаагчид бол иргэдийн төлөөлөл гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

-Цаашид Засгийн газрыг тарааж, шинэ засгийг байгуу­лах нөхцөл хангалттай бүрдсэн эсэх дээр таны бодол?

-Засгийн газрыг тараах шаард­лагагүй гэдгийг парламентийн гишүүд санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Тиймээс иргэдийн гомдлыг үндэслэн Засгийн газ­рыг салбар бүрт нь хувааж, болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлэл­цэх нь зөв шийдвэр байх.

-Эсэргүүцлийн жагсаалыг сө­рөг хүчнийхэн зохион бай­гуул­сан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үүнийг хэн ч баталж ча­дах­гүй. Иргэдийг турхиран, энэ бүх­нийг эхлүүлсэн гэх үндэс­лэл ч байхгүй. Тиймээс энэ удаа­гийн жагсаалыг яаралтай цэг­цэлж, тө­рийн үйл хэргийг үргэлж­лүү­лэх шаардлага Тайландын ард түм­ний өмнө тулгараад байна.

Б.БААТАР

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж