“Галзуу хурд” хурдалсаар одлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

“Галзуу хурд” хурдалсаар одлоо

“Галзуу хурд” киногоор үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Пол Волкер 40 насандаа ослоор таалал төгссөн нь түүний мянга мянга шүтэн бишрэгчдийг цочролд оруулаад байна. Холлливудын халуухан залуусын нэг Пол Волкер өнгөрсөн бямба гаригт /XI.30/ Лос-Анжелес хотноо авто уралдааны нисэгч, дотны найз Рожер Родасын хамт автомашины осолд орж, нас барсан юм. Гэрчүүдийн мэдээлж буйгаар “Галзуу хурд”-ын од залуу осолд орох үедээ яг л “Fast & Furious”  кинон дээр гардаг шигээ өөр нэг машинтай уралдан, хурд хэтрүүлэн давхиж байсан гэнэ. Тухайн үед “Porsche” машиныг Рожер жолоодож явжээ. Тэд Рожерын эзэмшлийн авто дэлгүүрээс 0.9 метрийн зайтай явж байхдаа осолдсон байна. Пол Волкер тэр үдэш “Reach Out Worldwide” буяны байгууллагын хандивын арга хэмжээнд оролцчихоод буцаж явсан тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна.

Өдгөө түүний осолдсон газарт олон зуун шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүлэн, дурсгалын үгтэй захидал, цэцгийн баглаа авчирч, цахим ертөнцөөр харууслаа илэрхийлсээр. Мөн Пол Волкертэй хамтран ажиллаж байсан “Галзуу хурд” кино багийнхан, Холливудын жүжигчид ч түүнийг дурсан, эмгэнэл илэрхийлсээр байна.

Пол Уильям Волкер 1973 оны есдүгээр сарын 12-нд АНУ-ын Калифорни муж улсад төржээ. Түүний ээж нь загвар өмсөгч байсан бол өвөө нь нэртэй мэргэжлийн боксчин байсан гэнэ. Волкер дөнгөж хөлд орж байхдаа л “Pampers” живхний сурталчилгаанд тоглож, хоёр настайгаасаа нэлээд олон телевизийн шоунд оролцсоноор олонд танигдаж амжсан байна. Хожим нь тэрээр 1986 онд “Monster in the Closet” кинонд тоглож жүжигчний гараагаа эхлүүлжээ. Үүнээс хойш тэр олон кинонд дүр бүтээсэн ч “Галзуу хурд” кино  цуврал  түүнийг дэлхий дахинд таниулсан юм. Волкер экс найз бүсгүй Ребеккагаасаа охинтой бөгөөд Санта Барбара дахь гэртээ ганцаараа амьдардаг байжээ. Христийн шашинт Пол Волкер жүжиглэхээс гадна далайн биологийг ихээр сонирхдог байсан юм. Үүнийхээ дагуу тэрээр удаан хугацааны мөрөөдлөө 2010 онд биелүүлж, Үндэсний газарзүйн сувгийн хожим нь “Аварга загасчин” гэж нэрлэгдэх болсон нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр “Reach Out Worldwide” буяны байгууллагын хүмүүнлэгийн тусламжийн багийн гишүүн бөгөөд байгалийн гамшигт өртсөн улсын иргэдэд тусламж үзүүлдэг, сайн үйлсийн эзэн байсан юм. 

Б.АНХТУЯА



Пол Волкер, Рожер Родас нар


Пол Волкер охиныхоо хамт
 


Пол Волкерийн аав






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж