Сэжигтэн Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын өөдөөс харсан орон сууцыг хөлслөн амьдарч байжээ. Уг хэрэгт сэжиглэгдэж байгаа залуу 28 настай, Мөрөн сумын уугуул, 1982 онд төрсөн Н.Мөнх-Оргил гэгч аж. Мөрөн сумын иргэдийн олонхи нь түүнийг таньдаг бөгөөд тэрбээр 1999-2002 онд "Тусгалт гангар" гэрэл зургийн төвд зурагчин хийдэг байжээ. Мөн "Одод эндээс төрнө" телевизийн шоунд Хөвсгөл аймгийг төлөөлөн 2005 онд оролцож байсан аж.
Хэрэг гарсан өдрөөс хойш цагдаагийнхан Мөрөн сумын олон иргэнээс байцаалт авч эрэн сурвалжилсан байна. Энэ үеэр мэдээллийг мөнгөөр худалдаж авна гэсэн мэдээлэл цацсан аж. Энэ мэдээлэл цацагдсанаас хойхно нэгэн иргэн хэрэг гарсан өдөр буюу тавдугаар сарын 3-нд 12.10 цагийн үед талийгаач охиныг сэжигтэн Н.Мөнх-Оргил хөтлөөд явж байсныг харсан хэмээн мэдүүлжээ. Мэдээллийн дагуу Н.Мөнх-Оргилыг аймгийн цагдаагийн газрынхан гэртээ байхад нь баривчилсан.
Хэрэгт холбогдох баримт, талийгаач охины биеэс илэрсэн үрийн шингэн болон охины цогцос дээрх хурууны хээ түүнийхтэй таарчээ. Хохирогчын цогцсыг хийсэн байсан АDIDAS цүнхийг Н.Мөнх-Оргилынх болохыг гэрчүүд нотолсон байна. Цагдаагийн ажилтнууд энэ мэт эргэлзээгүй нотлох баримттайгаар сэжигтнийг саатуулсан гэж байгаа ч Н.Мөнх-Оргил өнөөг хүртэл хэргээ хүлээхгүй байгаа аж. Одоо бол сэжигтэн М-ийг Ганц худагт саатуулан мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа юм. Хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсний дараа сэжигтэнг барьж саатуулсан. Бараг хэрэг хуучрах дөхөж байхад хэн нь үл мэдэгдэх залууг сэжигтнээр татан, хүчээр хэрэг хүлээлгэх гэлээ гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй үгс ч хаа нэгтээ дуулдах болсон юм. Цагдаагийхны сэжиглэн хорьсон сэжигтэн М нь нийгмийн идэвх сайтай, нутаг усандаа нэртэй залуу байсан гэж байгаа. ДНК-гийн шинжилгээний хариу гарсан, мөн 4-5 гэрч гарч ирсэн гээд маш олон нотлох баримт шалгалтын үеэр дахин гарч ирсээр байгаа аж.
Энэ хэргийг шалгахад маш олон зүйлийг үндэслэж иргэн М-ын сэтгэл зүйг хууль зүйн талаас нь судалж, бага нас, сурсан сургууль гээд эргэн тойрных нь бүх зүйлийг шалгаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагынхан хуулийн хүрээнд өөрсдийнхөө ажлыг хийж байгаа хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа гэж Цагдаагийн Ерөнхий газрын хурандаа Т.Сайнжаргал хэлж байна.
П.Наран