Сүүлийн нэг жилийн хугацаанд Боловсролын салбарт нэлээд салхи орлоо. “Хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи” гээч сургалтыг орон даяар Ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарт хийгээд саяхан дууслаа. Тэр сургалтаараа багш нарыг өөрсдийг нь сурагч болгож, ойлгосон сэдвээ үнэлүүлж байж дараагийн сэдвээ үзэхийг шаардсан. Нэг ангид 50, 60 багш суулгаад Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчид бүгдэд нь хүрч ажиллаж болохыг биеэр үзүүлж сурагчдад сурахад тулгардаг саадуудыг багш нараар өөрсдөөр нь давуулсан даа. Мөн хичээл орохдоо хүүхдийн сэтгэлзүйн байдлыг хэрхэн судлах, хичээл заахдаа үзүүлэн бэлтгэж, ямар агуулгатай хичээл орох гэж байгаа талаараа жишээ татаж тайлбарлах, бодитоор харуулах гээд багш нарыг сайн залхаасан.
Харин одоо БШУЯ-ны удирдлагууд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал дарга нар бүгд л “Сургуулийн бие даасан байдлыг хөгжүүлье. Багш нар хичээлээ хэрхэн заахаа өөрсдөө мэддэг байг. Хэн нэгэн дарга ингэж тэгж заа, үгүй бол чиний цалинг хаслаа гэхгүй болгоно. Харин сурагч тухайн хичээлээр олж авах мэдлэгээ жилийн төгсгөлд авсан байх ёстой гэсэн ганцхан шаардлага тавина” гэх боллоо. Мөн “Ийм байдал руу шилжиж багшийн хийж байгаа ажлынх нь эрх чөлөөг, хариуцлагыг өөрт нь олгохгүй бол боловсрол өөрөө дампуураад байна” гэдгийг ч хүлээн зөвшөөрцгөөж байна. Үүндээ л зориулж өнгөрсөн жилийн турш сургалт хийсэн байна.
Ингэхээр тухайн багш өөрсдийнхөө сурагчдад зориулж цагаа хуваарилдаг болох аж. Бага ангийн багш бол таван жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллахаа бүхэлд нь хараад хичээлээ явуулна. Харин дунд, ахлах ангийн салбар хичээлийн багш жилд нэг ангид дунджаар 170-180 цагийн хичээл ордог бол түүнийгээ бүхэлд харж ажиллана гэсэн үг. Багш нар сурах бичигт баригдсан хуваарийн дагуу ажиллах биш сурагчдын амархан ойлгочихдог хичээлийг нэг цагт, төөрөлдөөд байдаг хичээлийг хоёр цагт заахаа шийдээд явах болно. Тэдэн цагийн хичээл заасан. Тэр хүүхэд онц сурсан гэдгээр биш. Хүүхдүүд хоцрогдолгүй сурсан. Ахиц гарсан эсэхээр амжилтаа дүгнүүлдэг болох аж. Сурагчдын үнэлгээний хувьд ч өөрчлөлт орж байгаа талаар БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярьж байсан. Тэрээр “Аль нэг сурагчийг шилдэг сайн сурч байгаатай нь жишиж үнэлэх биш. Өмнө нь ийм амжилт гаргасан. Харин одоо ингэж ахиулсан байна гэдгээр нь дүгнэдэг болгоно” гэж байгаа. Энэ нь хүүхэд бүрийг хэр хөгжүүлснээр нь багшийн ажлыг дүгнэдэг болно гэж ойлгогдож байгаа юм. Ангид сурлагаараа тэргүүлсэн хэдхэн хүүхэдтэй харьцаж үлдсэнийг нь хаядаг биш бүгдийг нь зохих шинэ түвшинд гаргадаг сэтгэлгээ тавигдаж байна гэсэн үг.
Багш, дасгалжуулагч гэдэг шилдэг хүн байх албагүй. Гэхдээ сэтгэлтэй хүн байх ёстой. Тэр сэтгэлийг гаргахад нь энэ шинэчлэл тус болж байгаа бололтой юм. Багш нар ч “Бид өмнө нь дандаа цаас руу хардаг байсан. Цаасанд хөтлөгдөж түүнд зориулагдаж ажилладаг байсан. Одоо хүүхэд рүүгээ харж ажилладаг боллоо” гэлцэж байгаа гэнэ.
Сурч чадахгүй хүүхэд гэж байдаггүй. Хичээл нь сонирхолтой байвал бүгд л сурна. Ингэж сурах, сургах эрх чөлөөг нь олгосноор багш нарт ч эерэг нөлөөллөө тусгах юм. Хичээлийг ингэж л заах ёстой. Ийм л сурах бичгийн дагуу явна гэсэн хэвшмэл ойлголттой шинэ залуу багш нарын армийн сэтгэлгээ, боловсролын тогтолцоо орвонгоороо өөрчлөгдөж эхэлжээ.
Манай анги шиг бүгд монгол хэлдээ сайн болох биш. Бүх багш нарын хичээл зүтгэлээр сурагчид салбар бүрт өөр өөрсдийгөө олох боломж бололцоо бүрдэх шав суурь тавигдаж байгааг л дуулгах гэсэн юм. Цаас руу биш сурагч руугаа хандсан боловсролын тогтолцоо бий болж байгаа гэнэ шүү.