П.Жасрай агсны булантай болжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

П.Жасрай агсны булантай болжээ

Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай агсны буланг нээжээ.

П.Жасрай 1933 оны арваннэгдүгээр сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр 1950 онд  Говь-Алтай аймгийн Тонхил сумын долоон жилийн дунд сургууль, 1961 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийг төгсчээ. П.Жасрай 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой Монгол Улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн нэг байлаа.

П.Жасрайн ажил, амьдралын товчоон:

  • 1950-1956 Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багш, захирал, аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст байцаагч
  • 1961-1967 Эдийн засгийн дээд сургуульд багш
  • 1965-1966 Эдийн засгийн хүрээлэнд аспирант
  • 1967-1970 Статистикийн төв газарт орлогч дарга
  • 1970-1976 Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга
  • 1976-1978 МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч
  • 1978-1984 Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд
  • 1984-1989 Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга
  • 1989-1990 МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга
  • 1990-1992 Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч
  • 1992-1996 УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд
  • 1996-2004 УИХ-ын гишүүн

Мөн төрөөс Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагдаж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.

Тэрээр 2007 оны 10 сарын 25-нд МАХН-ын 25 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байхдаа нас барсан юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж