Увс аймагт МАН-аас нэр дэвшихдээ мөнгө тараасан гэдэг асуудалд уначихаад байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “ууртай” байна. Өөрсдөө болохоор ард түмний дэмжлэгээр сонгогдсон, гурван шатны шүүхээр гэм буруугүй гэдгээ нотолсон гэдэг ч нөгөө талд мөнгө тараасан нь нотлогдсон байхад хуулиа зөрчин гишүүн боллоо гэдэг хар сүүдэр тэднийг дагасаар л… Хуулийн янз бүрийн гаргалгаа хийж, намын нөхдөөрөө өмгөөлүүлэх тэднийг чичлэх шалтгаан мундахгүй их бололтой. Зарим намынх нь гишүүд ч намын нэр хүнд унагаж байгаа хоёр эрхэмийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэх болжээ. Тэдний тараасан 100 мянган төгрөгийг хуулийн дагуу арав дахин нэмэгдүүлж, нэг сая төгрөгийг тус бүр авсан Увс аймгийн Тариалан сумын малчид ч энэ мөнгөө буцааж өгөхөөр Улаанбааатарт ирж Увсын хоёрыг дахиад л сандаргалаа. Мөнгө тараасан хүмүүс нь ялаа авчихсан, мөнгийг н авсан иргэд нь авснаа хүлээчихсэн байхад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүний суудалд хээв нэг тухалчихаад “Бид ямар ч буруугүй” гэж байгаад ихэд бухимдаж буйгаа тэд илэрхийлэв.
Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бүтэн нэг жил дуугүй явсан. Гурван ч удаагийн шүүхийн шийдвэр бидний талд гарсан” гэж байсан бол Ч.Хүрэлбаатар “Дээд шүүхийн шийдвэр бол хүчинтэй. Бүх зүйл шийдэгдээд Б.Чойжилсүрэн бид хоёр тангарагаа өргөсөн. Тангарагаа өргөснөөс хойш энэ асуудал СЕХ-нд хамаагүй” гэж байсан бол мөнгийг нь авсан сонгогчид нь Төрийн ордоны гадаа шаардлага хүргүүлж байхад таг чиг алга болжээ. Тэд үнэхээр гэм буруугүй байсан бол иргэдтэйгээ гарч ирээд уулзах л байсан. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хаачсан нь мэдэгдэхгүй сураг алдуурчээ. Тэд бүлгийн хуралдаандаа суугаагүй бөгөөд хаачсаныг нь мэдэх хүн Төрийн ордонд алга.
Ямартаа ч Увсын Тариалан сумаас ирсэн малчдын төлөөлөл шаардлагаа биелүүлтэл тэмцэхээ илэрхийлээд байгаа юм.
С.ОТГОН