Говь-Алтайн сонгууль юу болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн сонгууль юу болсон бэ?

Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн сонгууль маргаантай болж, Монгол Улсын бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар боллоо. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн. Дахин сонгууль явуулахаар болсон тул Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороог сэргээн байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 19-нд дахин сонгуулийн санал хураахаар товложээ. Дахин сонгууль явуулахад хамгийн багадаа 164 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан байна. Тэгвэл Говь-Алтай аймгийн 2012 оны сонгуулийг хэн, хэрхэн луйвардсан талаар товчлон хүргэе.

Говь-Алтай аймгийг 1990 оноос хойш өдийг хүртэл МАН-аас өөр улс төрийн хүчин удирдаагүй. “Цэнхэртээгүй” цөөн хэдэн аймгийн нэг. Гэхдээ аймаг орон нутаг хөгжиж байвал ямар улс төрийн хүчин удирдах нь сонгогчдод нэг их чухал биш. Говь-Алтай аймаг нутаг дэвсгэр томтой, үзэсгэлэнт байгальтай, баялаг ихтэй. Гэвч хөгжлөөрөө бусад аймгуудтай өрсөлдөх чадвараараа хол “хаягдаж” эхэлсэн. Хөрш зэргэлдээ орших Баянхонгор, Ховд аймгууд хөгжиж байхад Говь-Алтай хэдэн жилийн өмнөх “ичмээр” төрхтэй хэвээр.   

Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн сонгуульд Монгол ардын нам /МАН/, Ардчилсан нам /АН/ өрсөлдсөн. Сонгуульд гуравдагч хүчнээр оролцох байсан Монгол ардын хувьсгалт намыг /МАХН/ оролцуулаагүй юм. Үүнийг МАН-ын саналыг МАХН хуваах байсан учраас оролцуулаагүй гэж харддаг. Үнэн хэрэг дээрээ бол Говь-Алтай аймгийн МАН-ынхан яг л ингэж ярьж байсан. МАН, МАХН гэсэн хоёр нам оролцвол иргэд төөрөлдөж, санал хуваагдан, АН-д ялагдах магадлалтай байсан юм.

 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын Мянгатын дарга Д.Ганболд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ, холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд очжээ. Тухайн үед Сонгуулийн хорооны даргаар В.Рэнцэндорж гэдэг эрхэм ажиллаж байсан. 2012 онд Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж өдгөө Говь-Алтай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын “сэнтийд” заларсан. Түүнийг МАН-ын талын хүн гэдгийг Алтайчууд мэднэ. Тиймээс МАН-ын намын саналыг хуваах МАХН-ыг аль болох бүртгэхгүй байх олон шалтгыг гарган, МАХН-аас Сонгуулийн хуулинд заагаагүй бичиг баримтыг шаардсан байна. Жишээлбэл, МАХН-ын орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг

“Засаг захиргааны нэгж нь хүн амын тоо, санхүү, эдийн засаг чадавхи, газар зүйн байршил зэргээр өөр хоорондоо эрс ялгаатай байдаг… Тиймээс Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд оролцохын тулд  тусдаа мөрийн хөтөлбөр боловсруулах шаардлагатай” гэх мэтээр хүлээн авахаас татгалзаж байжээ.

Ингээд шүүх дээр талууд хэрхэн байр сууриа илэрхийлж байсныг сонирхъё. /Эхийг www.shuukh.mn сайтаас татаж авсан болно/

Говь-Алтай аймгийн МАХН-ын Мянгатын дарга Д.Ганболд бүх шатны шүүхэд,

-Говь-Алтай аймаг дахь МАХН Мянгат нь тус Сонгуулийн хороонд 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Аймаг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар бүлгийн 22 дугаар зүйлд заасны дагуу "Аймгийн Хурлын Сонгууль"-д оролцохоо илэрхийлж хүсэлтээ, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан бичиг баримтын хамт хүргүүлсэн. Сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж нь 2012 оны 10  дугаар сарын 1-ний өдөр Мянгатын даргаас нэмэлт зарим материал хүлээн авсан юм. Сонгуулийн хороо намаас ирүүлсэн бичиг баримттай танилцаж, бүрдүүлбэр хангаагүй болон шаардлага хангаагүй баримтын талаар намаас тодруулга авч, дутуу баримтыг бүрдүүлэх талаар нам сануулга, туслалцаа үзүүлэх байтал МАХН-ын төв байгууллагаас дээрх хуулинд заагаагүй баримтыг шаардан гаргуулж, Говь-Алтай аймаг дахь МАХН-ыг бүртгэхээс татгалзаж хууль зөрчжээ. Сонгуулийн хороо татгалзсан шалтгаанаа материал дутуу, ямар баримт нь хуурамч болох талаар тодорхой заагаагүй нь ойлгомжгүй байна. Тэрчлэн бичиг баримтын хуурамч эсэхийг Сонгуулийн хороо бус, хууль хяналтын байгууллага тогтоох хууль зүйн үндэслэлийг Сонгуулийн хороо харгалзсангүй.

Бид Сонгуулийн хороонд удаа дараа дахин сонгууль явуулж өгөх талаар албан бичгээр хүсэлт хүргүүлсэн ч дахин сонгууль явуулах боломжгүй гэсэн хариу өгсөн гэж мэдүүлж, гомдол гаргасан байдаг.

Харин тухайн үеийн Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж, 

-Бид Сонгуулийн хуульд заасан эрх үүргээс гадна Сонгуулийн ерөнхий хорооноос арга зүйгээр хангагдан ажиллаж байдаг. Дахин сонгууль явуулах эрх аймгийн сонгуулийн хороонд байхгүй. Аймгийн сонгуулийн хороо нь санал хураалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор ямар нэгэн гомдол гараагүй бол сонгуулийн дүнг хүчинтэйд тооцох ёстой хуулийн тодорхой заалтууд байгаа учраас хууль тогтоомжийн хүрээнд ажилласан гэжээ.

МАХН-ын шүүхэд гаргасан гомдлын талаар орон нутгийн сонгуульд ялсан гэдгээ зарлаж, жил гаруйн хугацаанд Говь-Алтай аймгийг удирдаж буй МАН-ын удирдлагууд,

-Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлд дахин сонгууль явуулах нөхцөл шаардлагыг тодорхой заасан. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн гэх зөрчил, гомдол, санал сонгуульд оролцсон намууд иргэдээс гаргаагүй учраас сонгуулийг хүчингүй болгох, дахин сонгууль явуулах үндэслэлгүй гэсэн тайлбарыг бүх шатны шүүхэд гаргасан юм.

Харин 2012 оны Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд ялагдсан АН,

-МАХН-ыг бүртгэх ёстой  байсан.  Хамгийн  гол  нь  иргэдийн  сонгох,  сонгогдох  эрхийг  хангах  ёстой. МАХН-ыг бүртгээд дахин сонгууль явуулахад татгалзах зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд хүргүүлжээ. Магадгүй Говь-Алтай аймагт АН ялсан МАН нь ийм тайлбарыг шүүхэд хүргэх байсан биз ээ.

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлсэн ИТХ-ын 2013 оны 01/05 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-д зааснаар олонхийн саналаар шийдвэрлээд тогтоол гаргаж баталсан бөгөөд хуульд нийцсэн гэжээ.

2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 144 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн 2012 оны сонгууль Төгрөг, Баян-Уул, Хөхморьт, Шарга гэсэн сумуудад, тус аймгийн төвийн Баяншанд багт хууль зөрчиж явсныг тогтоон, хүчингүйд тооцсон юм. Нэг үгээр бол одоогийн Говь-Алтай аймгийн Засаг дарга, ИТХ, өнгөрсөн жил гаруйн хугацаанд гаргасан тогтоол, шийдвэрүүд бүгд хүчингүй гэсэн үг. Мөн дахин сонгууль 164 сая төгрөг зарцуулахаар болсон. Энэ мөнгийг татвар төлөгчдийн халааснаас дахин гаргах нь. Учир нь хууль зөрчиж, өдгөө Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга болтлоо дэвшсэн В.Рэнцэндорж 164 сая төгрөгийг дахин сонгуульд зориулж, хувиасаа гаргахгүй нь тодорхой. 

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг ЭНД дарж уншина уу.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж