Хүний өмнөөс шагнал хүртэгсэд…

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Хүний өмнөөс шагнал хүртэгсэд…

Гоёлын даашинзтай олны танил хүмүүс Соёлын төв өргөөний үүдэнд шамбааралдаж, хэлэх үгээ бэлдэхээс наагуур, тэднээс ярилцлага авч байгаа сэтгүүлч нар ч чамгүй хүйтэнд хагас нүцгэн байдалтай бараг л гурван цаг зогссон. Гаднаас орж ирсэн эмэгтэй битгий хэл эрэгтэй уран бүтээлчдийн хамар нь улайсан байдалтай “Ямар хүйтэн юм бэ” хэмээн үглэсээр орж ирцгээж байлаа. Нэг талаараа чамгүй тэвчээр гаргаж байх шиг. Улаан хивсээр алхаж орж ирэхэд нь тэднийг зурагчид бүчиж, сэтгүүлч нар нь дагуулан ярилцлага авна. Үдшийн гоёлоор юу өмссөн эсэхийг нь нарийн тайлбарлуулах гэж хичээнгүйлэн үл мэдэх инээвхийлнэ. Уран бүтээлчид маань ч дуртай нь аргагүй тайлбарлаж гарна.

 Өмнө нь “UBS VMA” наадам 2004-2009 он хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил албан ёсны эрхтэйгээр “UBS music” телевизээс анх удаа зохион байгуулж өнгөрлөө. Нийт 150 гаруй уран бүтээлээс 81 бүтээл 14 номинацид өрсөлдсөн билээ.

Урлагийн томоохон уран бүтээлчдийн хувьд ч ёстой л уур бухимдлыг нь уудлах шиг өдөр болсоныг хэлэх нь зүйтэй биз ээ. Жишээ нь “Люмино” хамтлагийнхан өөрсдийн шинэ гарсан “Сэмбий” уран бүтээлээрээ оролцсон бөгөөд шагнал авах нь тодорхой гэж найдаж байсан нь илэрхий. Тэгтэл тэдний клип ямар ч шагнал хүртэж чадсангүй. Урлаг сонирхогчдийн хувьд ч энэ уран бүтээл нилээд олон шагналыг авах байх гэсэн горьдлого битүүхэн байсан нь тодорхой. Харин түүний оронд шагналын цуваа реппер Дөлгөөний “20 нас” уран бүтээлээр эхэлсэн. Тэрээр шагнал авна гэдэгтэй итгэлгүй байсан гэдгээ ч нуугаагүй юм. Түүний “20 нас” дууных нь клип шилдэг имиж бүрдүүлэлт номинациас шагнал аван “UBS video awards”-ын шагналын салхийг хагалсан.

Харин энэ жилийн наадмын хамгийн онцлох уран бүтээлч гэвэл Rokitbay байлаа. Түүний “Эвдэрхий хүн” клип маш олон номинацид нэр дэвшиж бараг л бүгдийг нь авчих дөхсөн. Тэрээр тайзан дээр гарч ирээд “Сэтгэгдэл өнөөдөр байна энэ тэр” гэж хэлсэн нь яг л өөрөөрөө энгийн гэхээсээ илүү огт хүндлэлгүй хандсан. Түүний энэ хандлагийг Одгэрэл хөтлөгч “Энэ хүн ямар ч үед өөрөөрөө байдаг нэгэн” гэж залруулж байлаа. Малгайтай хар цамц, бараан өнгийн подволк болон жийнсэн өмдөөр гангарсан түүнийг тайзан дээр гарч ирэхэд түүнийг харсан үзэгчид “ямар их тураа вэ” гэж уулга алдацгааж. Уг нь анх уран бүтээл хийхдээ махтай шөлтэй аятайхан залуу байсан чинь өнөөдөр том толгойноос өөр зүйл харагдахгүй болоо юу даа гэх олон хүн байсан юм. Зарим махлаг эмэгтэйчүүд маань ч гэсэн зөвөлгөө авмаар юм байна хэмээн шивнэлдэж гарсан.

Гэх мэтчилэн уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээ ээлж дарааллан хүргэж шагнал авах нь авч байсан. Хамгийн гайхмаар зүйл нь заал дүүрээгүй. Уг нь том наадам, тэгсэн ч Соёлын төв өргөө дүүрээгүй. Анхнаасаа цагтаа эхлээгүй наадам нилээд сунжирсан. Манай одод ч цаг барихдаа тун тааруу байлаа. Соёлын төв өргөөнд бараг л хамгийн сүүлдэж заларсан хамтлаг дуучнаар “Extacy” хамтлагийн охидыг тодруулмаар санагдсан. Тэд нилээд ажилтай байсан бололтой сүүлдэж ирээд хойгуурхан сууж байгаа харагдав.

Энэ жилийн “UBS video awards” нэг иймэрхүү уур амьсгалтай болсон юм. Шинэ залуу архаг акул гэлтгүй оролцож өөрсдийн уран бүтээлээ уралдуулдаг уг наадамд жил бүр уран бүтээлээ өрсөлдүүлэлгүй зүгээр л шоуны чимэг болдог эсвэл идэвхигүй уран бүтээлчид олон ч байлаа даа. Мэдээж тэднийг хүрэлцэн ирэхэд үзэгч фенүүд хөгжим сонирхогчид нь баярладаг ч бас л шинэ уран бүтээлгүй гэхээс магадгүй жаахан гонсгор байгаа тал ч мөн ажиглагдсан. Бүр зарим нэгнээс нь юу хийсэн гэж энд байгаа юм бол гэж асуумаар ч хүмүүс олон байлаа.

Хэдийгээр мөхөс миний бие өмнөх жилүүдийн наадмуудад оролцож байгаагүй ч одод цугласан энэ үдэш олон сонирхолтой зүйл байна, болно гэсэн найдвар дүүрэн байсан ч санаанд хүрээгүйгээр барахгүй урам хугалаад хаячих шиг болов.

Оны шилдэгийн шилдэг гэх тодотголтой клипээр Цоожоогийн “Хүрч чадахгүй” гэх уран бүтээл тодорсон. Тэгтэл энэ уран бүтээл манай урд хөршийн хуулбар гэх шуум нилээдгүй гараад байгаа. Юмыг яаж мэдэх вэ өнөөх хулгайн гэсэн тодорхойлттой уран бүтээл биш байж ч болох талтай. Иймэрхүү асуудалтай клип шагнал авсан нь энэ ганцаараа байсангүй. Хэрэв үнэхээр хулгайн уран бүтээл шагнал авч болоод байгаа юм бол шагнуулахад амархан юм биш үү. Хүний хийсэн бүтээлийг хулгайлаад, өөрөө зохиочихсон юм шиг өмнөөс нь шагналыг нь авахдаа авторыг нь өөрчилж байна гэдэг хулгай гэхээсээ илүү дээрэмд тооцогдох буй за. Дэлхийг хавтгай болтол нь өөрчилсөн интернэтийн ачаар ийм зүйлд хууртахаа больсон атал манай мундаг шүүгч нар л нүдэн балай, чих нь дүлий хэвээрээ байгаа бололтой юм.

Ингээд та бүхэндээ шилдэгийн шилдэг 14 номинациас шагнал хүртсэн клипүүдийг дурдья.

1.    Шилдэг санаатай клип – “The Compass” хамтлаг “Чамайг анх” бүтээл
2.    Шилдэг зураачтай клип – Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
3.    Шилдэг имиж бүрдүүлэлттэй кпип – Дөлгөөн “20 нас” бүтээл
4.    Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип – дуучин Наран “Running to you” бүтээл
5.    Эрэгтэй  хамтлаг, дуучны шилдэг клип – UFO хамтлаг “Мөрөөдлийн зүг” бүтээл
6.    Шилдэг эвлүүлэгч, график  дизайнтай клип – дуучин Д.Болд “Би дурламаар байна” /DOZ интертаймэнт/
7.    Шилдэг хамтарсан клип – дуучин Цэлмүүн, Rokit bay “Viva life” бүтээл
8.    Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип – “Киви” хамтлаг “Харамсаж хараад хэрэггүй” бүтээл
9.    Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип – рэппэр Цэцээ, Rokit bay
10.    Рок  хамтлаг дуучдын шилдэг клип – “The Compass” хамтлаг “Өдний тухай” бүтээл
11.    Шилдэг зураглаачтай клип – “Киви” хамтлаг “Харамсаж хараад хэрэггүй” бүтээл/“Black Zebra” энтертайнментийн зураглаач О.Базаррагчаа/
12.    Шилдэг найруулагчтай клип – Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
13.    Шилдэг продюсертэй клип – дуучин Д.Болд “Би дурламаар байна”, “Монгол Улсын төлөө зүтгэе” бүтээл
14.    Оны шилдэг клип – дуучин Цоожоо “Хүрч чадахгүй” бүтээл
15.    Youtube-д хамгийн их хандалттай клип – Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
16.    UBS телевизийн нэрэмжит шилдэг клип – “Никитон” хамтлаг “Үүлэн үст” бүтээл

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж