Монголд одоогоор үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалаар 64 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 19 нь анхдагч зах зээлд, 31 компани хоёрдагч зах зээлд ажиллаж байна. Зуучлалын компаниудын үйлчилгээний хөлс нь чухам ямар үл хөдлөх хөрөнгөө худалдан, зуучлахаас шалтгаалж янз бүр. Тодруулахад, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зуучлалын компанид хандсан бол ямарваа үйлчилгээний хөлс төлөхгүй, мэдээллийн санд бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгөөс сонголтоо хийнэ. Харин худалдан борлуулахад зуучлалын компаниуд орон сууц гэхэд нийт үнийн дүнгийн хоёр хувь, хашаа байшин гэхэд таван хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний хөлсөөр авах юм байна. Ингэхдээ зөвхөн амжилттай борлуулсан үед л үйлчилгээний хөлсөө авах буюу борлуулж чадаагүй бол аливаа төлбөр, шимтгэл авахгүй. Одоо үед зуучлалын компаниуд арилжааны банкуудтай хамтран ажиллах болсон байна. Ингэхдээ бэлэн мөнгөгүй байгаа ч үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой хүмүүст зориулж зуучлал хийхдээ зээлийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгох болжээ. Тиймээс зуучлалын компаниасаа арилжааны банктай хамтран ажиллаж, төлбөр төлөлтдөө уян хатан хандах боломжтой эсэхийг лавлах нь илүүдэхгүй.
Нийслэлд одоогоор нийт 38 мянга гаруй айлын шинэ орон сууц бэлэн, борлуулагдаж байна. Харин ирэх онд шинээр 19-20 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орох тооцоог албаныхан өгч байгаа. Энэ бүтээн байгуулалтыг дагаад зуучлалын компаниудын ажил ч нэмэгдэх юм. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын зах зээлийг сайтар хөгжүүлж чадвал орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой. Гэтэл энэ зах зээлийг зохицуулахад хэд хэдэн асуудал тулгарч буйг салбарынхан нь хэлж байна.
Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгийн арилжаа, зах зээлийн хөгжлийн зөвлөлийн дор нэгдсэн холбоо байгуулж, идэвхтэй ажиллах хэрэгтэй гэх юм. АНУ-д гэхэд Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үндэсний риалторын холбоо байдаг бөгөөд энэ нь худалдаа, зуучлалын компаниудаа аттестатчилдаг, хуулийн хэрэгжилтийг хянаж ажилладаг ажээ. Монголд ийм идэвхтэй байгууллага дутагдаж буй бөгөөд байгуулаад орхих биш, байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, салбарынхныгаа хянах байдлаар ажиллах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн риалторуудыг үнэмлэхтэй болгож, зэрэг тогтоох, аттестатчилах, Гуравдугаарт, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын тухай хуультай болох хэрэгтэй байгаа ажээ. Хууль чухам дээрх бүх санал, шийдлийг шийдэхэд гол хөшүүрэг нь болох учиртай юм байна. Жишээ нь, дээр өгүүлсэнчлэн Риалторуудын холбоо байгуулах гэвэл хууль эрх зүйн орчинд шийдэж өгөөгүй учраас боломжгүй, ямар журмаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуддаа хяналт тавих нь тодорхойгүй юм. Тиймээс худалдаа, зуучлалыг боловсронгуй болгох замаар үл хөдлөх хөрөнгийн үнийг хянах, тодорхой хэмжээнд барихад хууль батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажээ.