Гэхдээ бүлгийн гишүүд “Алтанд ногдуулах татварыг 2.5 хувь болгон бууруулсан нөхцөлд хэрэгжих хугацаа нь таван жилээр хязгаарлагдаж байгаа нөхцөлд Оюутолгой төсөл дээр цааш үргэлжлэх үү, яах вэ гэх зэрэг асуудал үүсэх тул татварыг буулгахгүй байх нь зөв шийдэл болно” гэж үзэн таван хувиар тогтоох саналд нэгдсэн байна.
Тус бүлэг энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан юм. Ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцэн, хэлэлцэх эсэхийг шийдэх учиртай.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Уг төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийжээ.
УИХ-аас эл хуулийг баталсан нөхцөлд агаарын бохирдолтой тэмцэх асуудал Ерөнхий сайдын мэдэлд шилжиж ирэх юм. Бүлгийн гишүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд хийх ажлын нэг нь нүүрсийг коксжуулж түлшинд нэвтрүүлэх нь чухал гэж үзсэн байна. Гэвч өмнөх Засгийн газрын үед Дулааны II цахилгаан станцыг түшиглэн нүүрс коксжуулах үйлдвэр байгуулахаар болж 17 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн ч энэ ажил бүтэл муутай байгаа аж. Учир нь үйлдвэрлэлд нэвтрээгүй технологиор Монголд анх удаа нүүрс коксжуулах оролдлого хийсэн нь бүтэлгүйтжээ. Хэрвээ энэ нь цаашдаа коксжуулах үйлдвэр барих боломжгүй нь нотлогдвол ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг буцаан төлүүлэх асуудал яригдана гэж бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж мэдэгдлээ.
Утааг бууруулахтай холбоотойгоор гишүүдээс гаргасан бас нэг санал нь хуучин дугуйг импортоор оруулж ирэхийг хориглох ёстой гэж үзжээ. С.Баярыг Засгийн газрыг тэргүүлж байх үед УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ асуудлыг хөндөж тавин шийдвэр гарч байсан ч өнгөрсөн хугацаанд хуучин дугуйны импортыг хориглох асуудал ажил хэрэг болоогүй аж. Харин одоо шийдвэрийг хэрэгжүүлэх талд Засгийн газар ажиллах ёстой гэх даалгаврыг бүлгийн гишүүд гаргажээ.
Хуучин дугуй импортоор их хэмжээгээр орж ирдэг, үнэ хямдыг нь бодож монголчууд худалдан авдаг. Гэвч авто машинд хэрэглэх боломжгүй болсны дараа түлш болж хувирдаг аж. Энэ нь эргээд агаарын бохирдол бий болоход хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Мөн хуучин дугуй аюулгүй байдал хангаж чадахгүй байгаа. Тиймээс хуучин дугуйны импортыг хориглох нь хоёр талын чухал ач холбогдолтой аж.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад авто засварын газруудад тавих хяналт чанга байх ёстой юм байна. Шатах, тослох материалыг шатааж агаар бохирдуулдаг тул энэ чиглэлд тавих хяналтыг сайжруулах нь чухал гэж бүлгийн гишүүд үзжээ.